Тайлбар ба хэлэлцүүлэг: Ахлагч Кийрон, Кийрон эгч болон залуучууд
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2026 оны 2-р сарын 1, ням гараг
Ахлагч Патрик Кийрон: Өнөө орой бид та бүхэнтэй институтийн 100 жилийн ойг тэмдэглэхээр мөн энэхүү хэдэн арван жилийн хугацаанд семинар, институтийн ачаар өөрчлөгдсөн бүх хүний амьдралыг эргэн санахаар ирсэндээ баярлаж байна. Өнөө орой та нарын орж ирэхийг харах сайхан байлаа. Энэ чуулганы төв асар том ч гэлээ үнэхээр тав тухтай байгааг би хэлэх гэсэн юм. Тохь тухтай мэдрэмжийг төрүүлэхийн тулд энд олон чийдэнтэй урт гэрлүүдийг хүртэл өлгөсөн байгааг та нар анзаарсан байх.
Та нартай хамт байж, цагийг гайхамшигтай сайхан өнгөрүүлэхийг бид тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд ирсэнд тань баярлалаа. Зарим хүн замдаа түгжирсэн ч энд ирсэн байгаа тань бахархууштай.
Жэннифэр К.Кийрон эгч: Тийм ээ, бид өнөө орой энд мэдэрч буй уур амьсгалд маш их талархаж байна. Мөн өнөө орой биеэр хүрэлцэн ирж бидэнтэй нэгдсэн та бүхний царайг харж байгаадаа үнэхээр баяртай байна. Бид мөн энэ үдэш Аврагчтайгаа илүү ойр дотно холбогдохыг эрэлхийлэхээр цуглааны байранд, гэр орондоо цугларсан эсвэл хаа нэгтээ ганцаараа суун үзэж буй та бүхнийг төсөөлөхийг хичээж байна. Бид та нарт хайртай, та бүхэнтэй хамт байгаадаа маш их баярлаж байна.
Хэдэн долоо хоногийн өмнө бидэнд та нарын насны хоёр өөр бүлэг залуустай уулзах гайхалтай боломж олдсон бөгөөд бид зүгээр л тэдэнтэй сууж ярилцсан. Дашрамд дурдахад тэдний зарим нь өнөө орой энд хүрэлцэн ирсэн байна. Бид тэр хоёр өөр бүлэгтэй нэг цаг орчим ярилцсан. Тэдэнд хэдэн асуулт байсан бөгөөд бид тэдгээрт нь хариулсан юм. Тэр залуучууд Нэгдсэн Улс, Мексик, Норвеги, Карибын тэнгисийн Кюрасао арал, Конго Улс гээд таван улс орныг төлөөлж байсан.
Ахлагч Кийрон: Тэгэхээр бид одоо биднээс асуусан асуултуудын тавынх нь талаарх видеог үзэцгээе. Тэгээд асуулт бүрийн дараа ганц хоёр тайлбар өгнө. За ингээд эхний видеогоо үзэцгээе.
Саад тотгорыг таньж, даван туулах
Залуу: Биднийг Бурханы хайраас тасалдаг эсвэл Бурханы хүсдэг тэр хүн нь болох замыг маань хаадаг, магадгүй залуус бидний өөрсдийн босгосон байж ч болох ямар ямар том саад тотгор байдаг вэ?
Ахлагч Кийрон: Залуучуудад тулгардаг саад тотгоруудын талаар бодох юм бол би амьдралыг хичээл сургууль дээрээ та нарыг өгдгийн адил ч, унахгүйгээр өгөх боломжгүй шалгалт гэж хардаг гэх үү дээ. Гэхдээ яг ийм хандлага нь мөнх бус оршихуй болон мөнх амьдралд өнгөрүүлэх цаг хугацаандаа хандах хандлагад маань саад болдог гэж би боддог.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дуртай эшлэлээ би та нартай хуваалцъя: “Их Эзэн дүн тавихын тулд … биднийг сорьдоггүй. Үйл явц нь биднийг өөрчилдөг учир Тэр биднийг сорьдог.”
Бид хичээл дээрээ шалгалт өгдөг шиг соригдож байгаа юм биш ээ. Энэ нь бидэнд суралцах, урагшлах боломжийг олгож байгаа хэрэг. Хэн нэгэн мөнхийн дүнгийн бүртгэл хөтөлж байгаа учраас сорилт тулгарч байгаа юм биш, харин бид өсөж, хөгжиж, хэн гэдгээ ойлгох хэрэгтэй байгаа учраас л тэр. Тиймээс энэ нь саад бэрхшээл биш юм. Үнэндээ энэ нь заримдаа гайхалтай сайхан, заримдаа маш хэцүү, хүнд, олон жил үргэлжлэх туршлагуудаар дүүрэн замыг бидний төлөө тавьж буй хэрэг юм.
Кийрон эгч: Өөртөө эргэлзэх эргэлзээ, айдас, оюун ухаан дотор оршдог дотоод дуу хоолойнууд маань саад тотгор мөн үү? Эдгээр нь үнэхээр саад тотгор болж болох юм. Тэдгээр нь чиний урам зоригийг мохоодог, бүтэлгүй нэгэн гэж хэлдэг, зүгээр л хангалттай сайн биш гэж хэлдэг дуу хоолой юм. Ийм дуу хоолойг сонсох олон шалтгаан бий: Магадгүй чи ажилд орж чадаагүй байх. Шалгалтад тэнцээгүй байж болох юм. Гэрлэхийг хүсэж байгаа ч гэрлээгүй хэвээр байж магад. Эсвэл чи эхнэр, нөхрөөсөө салсан байж болно. Чи нөгөө л нүгэл, асуудлаасаа салж чадахгүй, улиг болсон зүйлээсээ болж удаан зовж байж ч магад. Тиймээс тэдгээр дуу хоолой танд: “Би хангалттай сайн биш, хэзээ ч хангалттай сайн болохгүй, хэзээ ч амжилтад хүрэхгүй мөн би Бурханы хүсэж буй тэр хүн нь байж чадахгүй” гэж хэлдэг. Энэ нь миний хувьд саад тотгор юм. Заримдаа надад ч тэр дуу хоолой сонсогддог.
Харин таны толгойд байгаа Аврагчийн дуу хоолой ямар сонсогддог вэ? Уг дуу хоолой миний дүрсэлсэн дорд үзэл, шүүмжлэл, ичгүүр, цөхрөлийн дуу хоолойноос тэс өөр сонсогддог. Иохан 10-р бүлэгт Аврагч бидэнд юу гэж хэлснийг сонсоцгооё. Надад энэ үг таалагддаг.
“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн.
Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн.
" … Хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана.
… Тэрээр … түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг.
Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана."
Заримдаа чиний толгойд танихгүй хүний, хулгайч, дээрэмчний дуу хоолой оршиж байдаг. Миний толгойд ч бас байх үе бий. Чамайг танихгүй, чамайг гэж боддоггүй, үнэндээ устгахыг эрмэлздэг нэгний дуу хоолой. Бид тэдгээр танихгүй хүн, хулгайч, дээрэмчний дуу хоолойг сонсох ёсгүй. Харин оронд нь үргэлж урам зориг өгдөг, хайрладаг, итгэл найдварыг өгдөг Сайн Хоньчныхоо дуу хоолойг сонсох ёстой. Тийм ээ, Тэр биднийг илүү сайн байхад уриалдаг. Тийм ээ, шаардлагатай бол Тэр биднийг наманчлалд дууддаг. Тэр дуу хоолой нь үргэлж биднийг хайрладаг, бидний өмнөөс эцсийн төлөөсийг төлсөн, үнэндээ бидний хүн нэг бүртэй гэрээ байгуулсан Аврагчийн маань дуу хоолой юм. Тиймээс танихгүй хүний үгэн дээр биш, харин Христийн үгэн дээр найрла.
За, дараагийн видеог үзэцгээе.
Орхин одож буй хүмүүст туслаарай
Залуу: Би амьдралынхаа янз бүрийн үе шатанд өөрийн бодож байгаачлан Бурханы хүсэж байгаагаар зарлигуудыг сахиж байсан. Харин Сүмийн үйл ажиллагаанаас эсвэл өдөр бүр Сүнсийг мэдрэхээс аажим аажмаар холдож байгааг нь харж байгаа найздаа хэрхэн туслах вэ? Буруу гэдгийг нь ямар нэгэн байдлаар хэлэхгүйгээр хэрхэн тэдэнд туслах вэ?
Кийрон эгч: Шүүмжилж буй мэт мэдрэмж төрүүлэхийг хүсэхгүй байгаа тул энэ ч хэцүү л дээ. Чи өөрийн зөв гэсэн өнцгөөс харан, “За даа, миний сайн мэдээний дагуу амьдарч байгаа арга зам бол чинийхээс хамаагүй дээр эсвэл зөв” гэж хэлмээргүй байгаа шүү дээ. Эцсийн эцэст бүх зүйлийн зангилаа хайр болон цаг хугацаанд оршдог гэж би боддог. Найзууд тань чиний хайрыг мэдэрч, хэрэгтэй үед нь цаг зав гаргахад бэлэн гэдгийг чинь мэдэх хэрэгтэй.
Тэд бодол санаагаа хуваалцаж, зүрх сэтгэлээ уудалж ярилцах шаардлагатай үе шатандаа орсон байж ч магад. Та тэдэнд айж эмээлгүй байх орчин нь, тэднийг хайрлаж, хүндэлж, санаа тавьдаг, юу ч болж байсан туслахад бэлэн байгаагаа ойлгуулж, үүнийгээ тодорхой илэрхийлж байгаарай. Тэд чамтай санал нийлэхгүй, тэдний хийж буй сонголтыг чи хийхгүй байж болох ч асуудалд орсон найз чинь тосоод авах найзтай, өөрийнх нь төлөө санаа тавьдаг хүнтэй гэдгээ мэдэх нь юу юунаас илүү чухал юм.
Өмнө нь Сүнсийг илүү хүчтэй мэдэрдэг байсан эсвэл сайн мэдээг одоогийнхоосоо илүү итгэлтэйгээр дагаж байсан үеийнх нь талаар ярих нь тустай гэж би боддог. Мөн тэдэнтэй тухайн үед амьдрал нь ямар байсан талаар, тэдний олж харж буй ялгааных нь тухай ярилцаарай.
Ийм чин сэтгэлийн, зүрх сэтгэлийн угаас ундрах, сүнснээс сүнс рүү чиглэсэн яриаг өрнүүлэх нь чухал бөгөөд чи тэдэнд: “За, чи миний сонсохыг хүсэж байгаа зүйлийг хэлэхгүй эсвэл сонсохыг хүссэн хариултыг минь өгөхгүй байгаа учир би чамтай яримааргүй байна” гэсэн санааг төрүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ нь үнэхээр чухал гэж би бодож байна.
Мөн энэ нь бидний бүх харилцаандаа авч хэрэгжүүлэх ёстой зарчим юм. Энэ бол эцэг эхийн үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ, ямар ч нөхцөлд хайртай хүмүүстэйгээ ярилцахдаа хэрэгжүүлэх ёстой зарчим юм.
Ахлагч Кийрон: Тийм ээ. Карл Сүмээс холдож байгаа найзуудынхаа тухай ярьж байсан. Миний бодлоор найзууд маань хаана байгаагаас хамааран бид тэдэнтэй Сүмийн үйл ажиллагааны талаар ярьж, татан оролцуулахыг хичээн туслах хэрэгтэй. Бид Сүмд идэвхтэй байх талаар ярьж байна. Хөрвөгч хүний хувьд энэ хэллэг маш сонин сонсогддог. Миний харж байгаагаар бид тэднийг үйл ажиллагаанд оролцуулж, идэвхтэй байлгаж, бусдад туслахад нь тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг. Тэд дуудлагатай бол дуудлагад нь тусалж, хамтран ажилла. Заах, тохинуулах, зовлон бэрхшээл тулгарсан бусдыг харж халамжлахад нь тусал. Мормоны Номын эхэнд Лихай болон түүний гэр бүлийн талаар, Нифай явж, хийсэн тухай өгүүлдэг нь маш утга учир зүйл гэж би боддог. Бид явж, хийдэг хүмүүс шүү дээ. Үүнд асар их хүч оршдог гэж би бодож байна. Энэ нь бидний итгэлийг амьд байлгадаг. Харин итгэлээ бага зэрэг алдсан бол энэ нь биднийг буцаан авчрах чадалтай. Ерөнхийлөгч Монсоны Аврагчийн талаар хэлсэн үг надад таалагддаг. Аврагч үргэлж сэргэг, үргэлж ажиллаж байдаг гэж тэр хэлсэн. Бид энэ загварыг амжилттай дагаж чадна.
Дараагийн видеог үзэцгээе.
Санаа сэтгэл түгшүүртэй байсан ч амар амгаланг мэдрэх
Бүсгүй: Би ер нь дандаа ямар нэгэн юмны талаар санаа зовж явдаг хүн л дээ. Үргэлж санаа зовж байдаг тул надад аз жаргалыг мэдрэх хэцүү байдаг. Аврагч дотор илүү их амар амгаланг мэдэрч, баяр баясгаланд хэрхэн хүрч болох талаарх та хоёрын бодол санааг сонсож болох уу?
Ахлагч Кийрон: Гайхалтай асуулт байна. Учир нь бид бүгдээрээ заримдаа айдас, түгшүүрийг мэдэрдэг. Зарим хүний хувьд энэ нь том асуудал. Заримд маань айдас, түгшүүрээ даван туулахад тусламж хэрэгтэй. Заримынх нь хувьд мэргэжлийн эмчийн тусламж авах хэрэгтэй бөгөөд аз болоход бид айдас түгшүүрийн хувьд нэг нэгэндээ туслах, мэргэжлийн тусламж авах тал дээр сайжирч байна.
Судраас судлах юм бол сэтгэлийн түгшүүр, өөрийн "үлэмж зовнилын" талаар хэн хэнээс илүү ярьсан хүн бол Иаков байсныг харж болно. Түүнийг зовоож байсан зүйл бүхий л талаараа минийхээс тэс өөр байсан нь сонирхолтой. Түүний зовнил гадагш чиглэсэн, ард түмнийхээ болон тэдний сайн сайхны төлөө байв. Миний зовнил ихэнхдээ өөрт төвлөрсөн, би ямар байна, хаана нь алдаж онов гэсэн бодол байдаг. Хэрэв би өөрийнхөө тухай биш өөр хэн нэгний тухай бодох юм бол сэтгэлийн зовнил арилдаг гэдгийг би өмнө олон удаа сурч мэдсэн ч, одоо ч сурсан хэвээр. Зүгээр л хэн нэгний сайн сайхны талаар бодонгуут миний сэтгэлийн түгшүүр сарниж эхэлдэг. Үнэндээ байхгүй болж, ихэнхдээ арилж, алга болсон байдаг. Би хэн нэгний төлөө сайн үйл хийснээр асар их хүчийг авдаг. Тиймээс би Иаковтой илүү адилхан байж, сэтгэлийн түгшүүрээ гадагш нь чиглүүлэхийг хүсдэг. Миний бодлоор бид үүнээс асар их эдгэрлийг хүлээн авдаг.
Кийрон эгч: Өнөөгийн энэ цаг үед бид таагүй мэдрэмж авангуутаа эсвэл өвчин зовлонг мэдрэнгүүтээ тэр даруй алга болгохыг хүсдэг. Бид хүслээ шууд биелүүлээд дасчихжээ. Шүршүүрт ороод зогсож байхад ус жоохон хөрчихлөө гээд бодъё. Шууд л крантаа зүүн тийшээ бага зэрэг хөдөлгөөд халаадаг шүү дээ. Бид тэр тав тухтай байдалдаа бүр дасаж, тухтай байхыг хүсдэг. Хүн төрөлхтөн тав тухтай байхыг хүсдэг. Бид тав тухгүй байхыг хүсдэггүй.
Ирээдүй тодорхойгүй, мэдэх боломжгүй учраас бидний санаа зовох нь хэвийн зүйл юм. Миний бодлоор бид хүн байхын, энэ дэлхий дээрх амьдралын нэгэн хэсэг болох тав тухгүй цаг мөч, үеүд ч хүртэл тохионо гэдгийг хүлээн зөвшөөрч, тодорхойгүй байдлыг ердийн зүйл хэмээн хүлээн авч сурах ёстой. Та нарт хэдэн өдөр, долоо хоног эсвэл бүр хэдэн сарын туршид бага зэрэг тавгүй байх эсвэл бага зэрэг сэтгэлээр унах зүйл тохиож магад. Бидэнд аз жаргал, уйтгар гуниг хэрэгтэй. Бидэнд баяр баясгалан, уй гашуу ч хэрэгтэй. Тэдгээр туршлага, сэтгэл хөдлөл л амьдралыг сонирхолтой, үзэсгэлэнтэй болгодог.
Ахлагч Кийрон: Би Иаков ном дээрх тодорхой жишээг дурдмаар байна. Иаков 4-ийн 2-оос 4-р шүлэг дээрх Иаковын талаар ярих гэсэн юм. Тэнд:
“Харин хүүхдүүддээ, мөн түүнчлэн хайрт ах дүү нартаа, бидний талаар эсвээс тэдний эцэг өвгөдийн талаар бяцхан мэдлэгийг өгөх цөөн үгсийг ялтаснууд дээр бид бичиж чадна—
Эдүгээ энэ зүйлд бид баясна; мөн бидний хайрт ах дүү нар болон хүүхдүүд маань тэдгээрийг талархсан сэтгэлээр хүлээн авна, мөн тэд харамсалгүйгээр бас жигшил зэвүүцэлгүйгээр харин баясгалантайгаар … үзэх буюу хэмээн найдаж, эдгээр үгийг ялтаснууд дээр сийлэхээр бид хичээнгүйлэн хөдөлмөрлөж буй бөлгөө. …
Учир нь, бид Христийг мэддэг байсныг, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсныг …тэд мэдэж болно хэмээх энэ зорилтын учир бид эдгээр зүйлийг бичиглэсэн болой” гэдгийг уншиж болно.
Иаков үргэлж бусдын талаар бодож байсан нь надад маш их таалагддаг. Тэр үргэлж эргэн тойрныхоо хүмүүсийн тухай боддог байсан бөгөөд энд өгүүлсэнчлэн тэр дараа дараагийн үеийнхнийхээ тухай бодож байна. Тэр тийм түвшинд хүрсэн байсан. Ингэж санаа зовох түүнд ямар хэрэгтэй байсан юм бэ? Үнэндээ тэр өөрийгөө бодохоо больж, асар их баяр баясгаланг хүлээн авсан бөгөөд өнөөг хүртэлх үе үеийн залуус түүний талаар уншин агуу баяр баясгаланг мэдрэх боломжтой болсон.
Кийрон эгч: Дэлхий ертөнцөд өрнөж буй үймээн самууныг харах, дэлхий даяар өрнөж буй үйл явдлыг мэдээнээс сонсох нь сэтгэлийн түгшүүр үүсэх томоохон шалтгаануудын нэг гэж би үздэг. Харин бидний зарим нь үймээн самуун, ёс журамгүй байдал, шударга бус үйл явдлын дунд амьдарч, өөрийн биеэр туулж байгаа нь миний зүрхийг шимшрүүлдэг. Үүнийг сонсоод бид яагаад тайван байж чаддаггүй вэ? Учир нь бидний сүнс зөрчилдөөнд зориулагдаагүй. Есүс бидэнд “зөрчилдөөний хандлагатай тэр нь [Түүнийх] бус” хэмээн маш тодорхой заасан. Бидний сүнс зөөлөн сэтгэл, номхон дөлгөөн байдал, хайр энэрэл, уучлал, амар амгаланг эрэлхийлэхээр зориулагдсан. Тиймээс бидний эргэн тойронд байгаа хүмүүс амьдралын үймээн самуун, шударга бус байдлыг туулж байгааг харах үед сүнс маань үүнийг хүндээр хүлээж авдаг. Бид энэ бүхнийг харахыг хүсдэггүй.
Харин Аврагч хариуд нь юу гэж хэлэх байсан бэ? Тийм ээ, Тэр “ертөнцөд та нар зовлонтой байна” хэмээсэн. Шударга бус байдал тогтож, үймээн самуун дэгдэж, дайн дажин, гамшиг ч болно гэж хэлсэн. Гэвч үүнээс үл хамааран Есүс “Зоригтой байгтун” гэсэн. Яагаад? Учир нь Тэрээр "Би ертөнцийг ялсан" хэмээсэн. Аврагч дэлхийг ялж, бидний эргэн тойрноосоо харж болох бүх шударга бус, ёс бусын зүйлийн төлөөсийг аль хэдийн барагдуулсан тул бид Аврагчтайгаа холбогдож, Түүний амар амгаланг мэдрэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс салахыг хичээх хэрэгтэй. Ачаа дарамт, зовнилоо цээжнээсээ авч хаян, Түүнд үүрүүл. Тэр тэдгээрийг даах хангалттай хүчтэй.
Дараагийн видеог үзэцгээе.
Тодорхойгүй байдлаас баяр баясгаланг олох
Бүсгүй: Үнэндээ ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхгүйгээр залуучууд бид баяр баясгаланг хэрхэн олж болох вэ?
Кийрон эгч: Үүний хариулт нь бусад бүх зүйлийн адил Есүс Христэд итгэх итгэл, Түүний өгөөмөр, хайраар дүүрэн зүрх сэтгэлд суурилдаг. Тэрээр танд болон бидний хүн нэг бүрд зориулан сайхан ирээдүйг бэлдсэн. Үүнд итгэж, Түүнд өөрсдийгөө хүлээлгэн өгч, Түүний мутарт найдаж, хүслийнх нь дагуу амьдрахыг хичээхийн хэрээр ирээдүйд ирэх сайн сайханд итгэх итгэл маань өсөн нэмэгддэг. Энэ нь үнэхээр бидэнд баяр баясгаланг олоход тусалдаг гэж би боддог. Энэ нь сэтгэл санааг тайвшруулж, амар амгаланг бидэнд өгдөг буюу Эзэний өмнө итгэх итгэлийг төрүүлдэг. Христэд болон Түүний бидэнд зориулсан төлөвлөгөөнд итгэх итгэл, найдвар маань нэмэгдэхийн хэрээр бид цаанаасаа л баяр баясгаланг мэдэрдэг. Миний хувьд ийм л байсан. Үргэлж байсаар ирсэн, цаашид ч байсаар байх хүнд хэцүү зүйлс тохиолдох үед бид гайхах хэрэггүй мөн замаасаа хазайх ч шаардлагагүй. Бид зүгээр л зүрх сэтгэлээ Түүн рүү илүү бүрэн дүүрэн чиглүүлж, Түүнээс “За, энэ нөхцөлд Та намайг юуг сураасай гэж хүсэж байна вэ? Би одоо юу хийх ёстой вэ?” хэмээн таныг удирдан чиглүүлнэ гэдэгт нь төгс итгэлтэйгээр асууж болно.
Ахлагч Кийрон: Надад ч бас энэ таалагддаг. Заримдаа ирээдүйн талаар санаа зовних үед амьдралаа эргэж харах нь тусалдаг. Таны амьдрал гайхалтай цаг үеүдээр, жижиг, том гээд янз бүрийн сорилт бэрхшээлээр дүүрэн байгаа байх. Хүмүүс: “Бид уулан дээрээс доош харж байж л хэр өндөрт гарснаа мэддэг” гэж хэлэхийг би сонсож байсан. Миний хувьд энэ бол маш оновчтой дүрслэл юм. Мэдээж бидний авирах ёстой уул үргэлж сүрдмээр харагддаг ч эргэж хараад, "Хөөх, би ч асар их замыг туулсан байна шүү" гэж хэлэх үед энэ нь бидэнд ирээдүйдээ итгэх итгэлийг өгдөг.
Кийрон эгч:“Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн” гэдгийг санах нь үнэхээр чухал. Амьдралдаа маш олон шийдвэр гаргах, олон салаа замын аль нэгийг сонгох хэрэгтэй, бүх зүйл тодорхойгүй цаг үед та нар амьдарч байна. Тодорхой биш ч гэлээ энэ нь та болон та нарын хүн нэг бүрийг урьдчилан томилсон гэдгийг сануулахад тусалдаг. Та нар энэ дэлхийд ирэхээсээ өмнө, тэнгэрлэг гэр бүлтэйгээ хамт амьдарч байхдаа тодорхой зорилго, үүрэгт ажлыг биелүүлэхээр мөн амжилтад хүрч, агуу нэгэн болохоор, Их Эзэний агуу ажилд туслахаар урьдчилан томилогдсон. Иехова Мосетой ярьж байхдаа түүнд хандан: “Би чамд зориулан ажил бэлтгэсэн, … хүү минь” гэж хэлсэн. Бидний хүн нэг бүрийн хувьд ч энэ нь үнэн юм. Түүнд чамд болон надад зориулсан ажил байгаа бөгөөд бид агуу нэгэн болохоор урьдчилан томилогдсон.
Ахлагч Кийрон: Гайхалтай санаа байна шүү. Ийм зүйлийн талаар илүү гүнзгий бодох нь өнөө орой бидний өгөх урилгуудын нэг юм. Энэ мэдлэгтэй өссөн зарим нь агуу нэгэн болохоор урьдчилан томилогдсон гэдгээ ойлгодог, хүлээн зөвшөөрдөг байж магад. Гэхдээ үргэлж амьдралын тань нэгэн хэсэг байсаар ирсэн тул үүний үнэ цэнийг нь мартсан биш биз? Ийм зүйл амьдралд болдог.
Энгийнээр хэлбэл, бид хоёрыг сүй тавьсны дараа бидний танил ухаалаг нэгэн хүн тодорхой бус ирээдүйд баяр баясгаланг олох талаар хэлэхдээ “Жаргалын бага нь амттай" гэж билээ. Үнэндээ "өчүүхэн төдий” гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэ үг бидний сэтгэлд хоногшин үлдсэн. Тэрээр баяр баясгалан бол сайхан өглөө, амттай хоолны амт, найзтайгаа өнгөрүүлсэн цаг мөч байж болно. Бас өөр юу ч байж болох ч аз жаргал бага зүйлээс ирдэг. Энэ бол миний хэлэх гэсэн нэг зүйл юм.
Өөр нэг зүйл бол баяр баясгаланг олж сурах хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна. Үүнд хүрэхийн тулд эхлээд дадлага хийх, тодорхой хэмжээний хөдөлмөр, хүчин чармайлт гаргах шаардлагатай. Би, бид хоёр та бүхнийг долоо хоногт нэг удаа, ням гарагийн ариун ёслолын цагийг баяр баясгаланг олоход зориулахыг урьж байна. Бүгдээрээ энэ цагийг долоо хоногийнхоо хамгийн баяр баясгалантай мөч болгоцгооё. Дараа нь тэр баяр баясгалан маань тэндээс эхлэн цааш нь түгнэ гэж найдацгаая. Харин бид тэр цагийг долоо хоногийнхоо хамгийн баяр баясгалант мөч болгохгүй бол ямар байхыг төсөөлөөд үз дээ. Ямар харамсалтай байх бол! Тиймээс та бүхэнд ариун ёслолын цагаа гайхалтай, гайхамшигт баяр баясгалант мөч болгохыг уриалж байна. Тийм ээ, Аврагчийн агуу цагаатгалын бэлгийн талаар бодоход нулимс дуслуулах нь гарцаагүй ч Тэр булшнаас гарч ирснийг, энэ нь юуг төлөөлж буйг мөн ачаа дарамт бүрийг тань Тэр Өөр дээрээ авсныг бодохдоо бид баярлах ёстой.
За, одоо нэг видео үлдсэн байна.
Есүс Христийн Цагаатгалыг ойлгож, хэрэгжүүлэх
Бүсгүй: Бид Цагаатгалыг хэрхэн илүү сайн ойлгох вэ? Бид Цагаатгалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?
Ахлагч Кийрон: Би 26 настайдаа Сүмд нэгдсэн. Тэр үеэ эргэн харахад Цагаатгалыг ойлгоход надад ямар хэцүү байсныг санадаг. Би гайхаж, итгэж чадахгүй байсан. Тиймээс одоо энэ талаар бодохдоо би үүнийг Өөрийн хүүхдүүдийг хайрладаг, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, мөн бид суралцаж, өсөн хөгжихөөр, харилцаж, хайрлахаар, итгэлтэйгээр амьдрахаар ирсэн гэх зорилго болон Цагаатгалын хүрээнд авч үздэг болсон.
Тэрээр биднийг алдаа гаргана гэдгийг мэдэж байсан тул “Наашаа харан инээж, цаашаа харан уйлсаар” Өөрийн хайрт Хүүг бидний нүглийг үүрүүлэхээр илгээсэн. Яаж гэж үү? Тэр хэзээ нэгэн өдөр үүнийг тайлбарлана. Бид харин Түүний юу хийснийг сайн мэднэ. Тиймээс Цагаатгалын тухай ийн бодох үедээ би Тэнгэрлэг Эцэгийн танд болон надад зориулсан аз жаргалын төлөвлөгөөний зорилгын талаар боддог. Энэ агуулгын хүрээнд авч үзэх үед надад Цагаатгал ойлгомжтой болж эхэлдэг. Миний бодлоор бидний дунд Цагаатгалын талаар төгс ойлголтод хүрч чадсан хүн байхгүй л болов уу.
Харин төлөвлөгөө болон Цагаатгал нь бидэнд аливаа сорилт, бэрхшээлийг даван туулахад мөн амар амгалан, хайр энэрэл, баяр баясгалангаас гадна бусдын буруу үйлдэл, нүглийг ойлгоход тусална гэдгийг ойлгосон бол Цагаатгалыг бүрэн ойлгоход овоо дөхөж байгаагийн илрэл юм. Зовлон зүдгүүрийн дараа би асар их баяр баясгаланг мэдэрдэг. Тэр бүгдийг Өөр дээрээ авсанд би сэтгэлийнхээ гүнээс талархдаг. Асгаруулан уйлам үйл явдал, аливаа уй гашуу, зовлонгийн дараа баяр баясгалан ирдэг гэдгийг ойлгох нь гайхамшигт ухаарал юм. Энэ нь миний ойлголтоос хол давсан зүйл гэдгийг дахин дурдах хэрэгтэй байх. Гэхдээ энэ нь байдаг, бодит бөгөөд гайхамшигтай сайхан зүйл билээ. Би яг одоо үүнийг мэдэрч байна.
Кийрон эгч: Өмнөхөөсөө арай илүү тэвчээртэй байх эсвэл үйлдлээ арай илүү сайн хянах, өмнөхөөсөө илүү сайн сонголт хийх чадлыг өгөх бүрд эсвэл удирдамж заавар, хүч чадлыг хүлээн авч, арай илүү сайн болгохын тулд өгч буй түлхэц бүр нь миний хувьд Есүс Христийн цагаатгагч золиосоос ундран гарч ирдэг хүч, чадал юм. Түүнд өршөөл үзүүлэх эрх бий гэдгийг та нар мэднэ. Тэрээр та нарын болон миний төлөө тэрхүү цэцэрлэгт болон загалмай дээр зовж шаналсан нь үнэн тул Өөрийн хүч, чадлыг бидэнд өгөх нигүүлслийн эрх, хүчийг Эцэгээсээ хүлээн авсан. Мөн Тэрээр үүнийг хийхэд бэлэн байсан ба эцсийг нь хүртэл явж чадсан учраас Түүнд Өөрийн хүч чадал, хайр, найдварыг та нарт өгөх эрх болон хүч бий.
Кийрон эгч: Мосегийн номоос Бурханы бүтээлүүд тоо томшгүй болохыг олж уншдаг. Бид тэдгээрийг тоолж дугаарлах ямар ч боломжгүй. Гэсэн хэдий ч Тэр Мосе 1 дээр "Тэдгээр нь хүмүүний хувьд тоо томшгүй болой; гэвч бүх зүйл надад тоологддог буюу, учир нь тэдгээр нь минийх бөгөөд би тэдгээрийг мэддэг” хэмээн хэлсэн байдаг. Өнөө орой та нар сая сая хүний нэг нь боловч үнэндээ дэлхий дээр бол найман тэрбум хүний нэг нь юм. Тийм байлаа ч та нар Бурханд тоологддог. Та нарын хэн болохыг Тэрээр мэддэг. Тэр та нарын хэн болохыг мэддэг, хайрладаг бөгөөд таны амьдралд болж буй бүх зүйлийг мэддэг. Тэр та нарын нэрийг мэддэг бөгөөд "ерэн есөн хонио орхиод" нэгийнх нь араас явна. Хэрэв тэр нь чи эсвэл чиний хайртай хүн бол Аврагчийн хувьд 99 хувь нь хангалтгүй. Тэр хүн нэг бүрийг эргүүлэн авчрахыг хүсдэг бөгөөд бүгдийг нь аюулгүй цуглуулан авчиртал Түүний ажил дуусахгүй.
Ахлагч Кийрон: Хэрэв бид Аврагчийн Цагаатгалтай холбоотой өөр нэгэн чухал зүйлийг ойлгомоор байвал тэр нь 2 Нифайн 9-р бүлэгт дурдсанчлан: “Иймийн тул, хязгааргүй цагаатгал байх нь зайлшгүй—хязгааргүй цагаатгал байхаас бусдаар бол энэ ялзрал нь ялзаршгүй байдлыг өмсөж чадахгүй.”. Есүс Христийн хязгааргүй Цагаатгалд болон бид бүгдээр үүнээс ундран гарах итгэл, хүч чадал, ойлголтыг тээн энэ үдэш цугларсанд би маш их талархаж байна.
Одоо бид та нартай ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн захиасыг хуваалцах гэсэн юм. Энэ нь маш товчхон бөгөөд ойролцоогоор нэг минут хагас үргэлжилнэ. Харин та нар үүнийг сонсож байхдаа танд өгсөн амлалтуудыг нь сонсоорой.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Хайрт найзууд аа, цугларч, суралцаж, бусдыг өргөж дэмжих хамгийн агуу боломжуудын нэг бол институт юм.
Бид чимээ шуугиан, төөрөгдөл түгээмэл болсон цаг үед амьдарч байна. Үүнээс ялгаатай нь та нар институт дээр үнэнийг худлаас ялгаж суран, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй харилцах харилцаагаа бэхжүүлж, зүг чигээ олон, амьдралын хамгийн агуу асуултуудын хариултыг олж, гэрээний замд тань туслах хүмүүстэй танилцаж, болзож, гэрлэхээр сонгож болох хүмүүстэй уулзан учирч, Аврагчийн адил хайрлаж, удирдахад бэлтгэх боломжтой.
Хайрт залуучууд аа, би та бүхнийг институтэд тогтмол хамрагдаарай хэмээн урьж байна. Мөн та бүхнийг эдгээр адислалыг найзуудтайгаа хуваалцаарай хэмээн уриалж байна. Институтэд өнгөрүүлэх цаг хугацаа тань Аврагчийн амар амгалан, баяр баясгалан, бурханлаг хайрыг авчирна гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.