Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өөрийн хоёр зөвлөх болох ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нарын хамт Навахо үндэстний ерөнхийлөгч Доктор Бүү Нигрэн, тэргүүн хатагтай Жасмин Блэкватэр-Нигрэн хоёртой мэндчилж байгаа нь.
Бид 2024 онд та бүхнийг цаг заваа харамгүй зориулж, нөөцөө өгөөмрөөр хандивласанд гүнээ талархаж байна. Өнгөрсөн жил Сүмийн гишүүд, найз нөхдийг Есүс Христийн сургаалт зүйрлэлүүддээ заасанчлан мөн Өөрийн мөнх бус амьдрал дахь тохинууллаар харуулсанчлан “хэн нэгэн” рүү гараа сунгахад урьсан.
Таны энэхүү урилгыг чин сэтгэлээсээ хүлээн авсан явдал биднийг үнэхээр даруусгаж байна. Та бүхэн дэлхий даяар хэн нэгэн хүнд гараа сунгаж, хөршөө хайрласнаар уг урилгын дагуу үйлдсэн билээ. Бид та нарын оруулсан хувь нэмэрт талархахын сацуу энэ жилийн хамтын хүчин чармайлтынхаа тайланг хуваалцаж байгаадаа баяртай байна. Бид яаралтай тусламж үзүүлэх, өлсгөлөнтэй тэмцэх, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сайн сайхан байдалд санаа тавих зэрэг санаачилгуудаар дамжуулан Бурханы хүүхдүүдийг хэрхэн хамтдаа халамжилсан тухай энэхүү хураангуй тайланд тусгана. Энэхүү хүчин зүтгэл нь та бүхний өгөөмөр сэтгэлийн ачаар боломжтой болж, итгэл хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаагаар хэрэгжиж, хаа сайгүй тусламж хэрэгтэй байгаа хөршүүддээ анхаарал халамж тавихыг хичээж буй хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар өргөжин тэлж байгаа билээ.
Бид Бурханы хүүхдүүдийг үргэлжлүүлэн халамжилснаар тэдэнд Түүний бурханлаг хайрыг мэдрэхэд тусалж чадна. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхэд нэг бүрийг хайрладаг бөгөөд тэдний сайн үйлсийг мэддэг. Бид та бүхнийг эргэн тойрныхоо хүмүүст үргэлжлүүлэн үйлчилж, тэднийг хайрлахыг урьж байна. Бурхан та бүхний сүнслэг үйл хэргийг адислах болтугай.
—Тэргүүн зөвлөл
2024 онд Сүм тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн халамжилсан бэ? Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах жил тутмын хураангуй тайлантай танилцсанаар олж мэдээрэй.