Хүүхдүүдэд заахад ашиглах нэмэлт эх сурвалж
Хавсралт Б: Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Хүүхдийн хэсэгт зориулав


“Хавсралт Б: Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Хүүхдийн хэсэгт зориулав,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Хавсралт Б,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

A man baptizing a young girl.  They are standing in the font.

Хавсралт Б

Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Хүүхдийн хэсэгт зориулав

Таван ням гарагтай саруудад Хүүхдийн хэсгийн багш нарыг тав дахь ням гаргийн хуваарь дээрх Ирээд, Намайг дага тоймын хуваарийг эдгээрийн нэг эсвэл түүнээс дээш суралцах үйл ажиллагаагаар солихыг урамшуулж байна.

Есүс Христийн сайн мэдээний зарчим ба ёслол

Христийн сургаал бидэнд Бурхан руу хэрхэн эргэн очихыг заадаг.

Есүс Христ Америк дахь хүмүүст үзэгдэхдээ, тэдэнд Өөрийн сургаалыг заасан. Тэрээр хэрэв бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчвэл Бурханы хаант улсад орж чадна хэмээн хэлсэн (3 Нифай 11:31–40; мөн Сургаал ба Гэрээнүүд 20:29-ийг үзнэ үү). Доорх үйл ажиллагаа нь эдгээр зарчим, ёслол бидэнд амьдралынхаа туршид Аврагчид илүү ойртоход тусална гэдгийг хүүхдүүдэд заахад тань тусална.

Христийн сургаалын талаар илүү ихийг мэдэж авахыг хүсвэл 2 Нифай 31-ийг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгааг дүрсэлсэн зургуудыг өг (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 1, 111, 103105-ыг үзнэ үү). Хүүхдүүдтэй хамт Итгэлийн дөрөв дэх тунхаг-ыг унших юм уу тэдэнд цээжээр хэлж өгөөд, тухайн зарчим, ёслолыг дурдах үед зургаа өргөхийг тэднээс хүс. Эдгээр зарчим, ёслол бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход бидэнд хэрхэн тусалдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

  • Итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа зэрэг нь нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин амьдралын маань туршид бидний сүнслэг өсөлтөд нөлөөлдөг гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Жишээлбэл: Та тэдэнд үр, том модны зураг үзүүлж болно (эсвэл тэдгээрийг самбарт зур). Ус, хөрс, нарны гэрэл гэх мэт үрийг том мод болон ургахад туслах зүйлсийн талаар бодоход тэдэнд тусал. Эдгээр нь амьдралынхаа туршид Есүс Христэд итгэдэг болох, өдөр бүр наманчлах, баптисмын гэрээнийхээ дагуу амьдрах, ариун ёслолоос хүртэх, Ариун Сүнсийг хүлээн авах гэх зэрэг Бурхантай илүү ойр байхын тулд хийдэг зүйлстэй адил гэдгийг олж харахад нь тэдэнд тусал.

  • Ахлагч Дэйл Г.Рэнландын “Би наманчилснаар хэрхэн аз жаргалыг мэдрэх боломжтой вэ?” захиаснаас галт оч цацруулагчийн тухай түүхийг хүүхдүүдтэй хуваалц (Friend, Dec. 2017, 12–13, эсвэл Liahona, Dec. 2017, 70–71; мөн [Gospel Library], “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт” видеог үзнэ үү). Энэ түүхийг хуваалцахдаа, дундуур нь ахлагч Рэнландад ямар бодол төрсөн байж болох талаар бодоход хүүхдүүдийг урь. Бид наманчлахдаа яагаад аз жаргал мэдэрдэг вэ? Тэнгэрлэг Эцэгээс уучлахыг хүсэхдээ мэдэрч байсан аз жаргал, хайрынхаа талаар хүүхдүүдтэй хуваалц.

    4:36

    Repentance: A Joyful Choice

Баптисм

Есүс Христ баптисм хүртэх үедээ надад үлгэр жишээ үзүүлсэн.

Есүс нүгэлгүй байсан ч баптисм хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байж, төгс үлгэр жишээг харуулсан (2 Нифай 31: 6–10-ыг үзнэ үү).

Баптисмын талаар илүү ихийг мэдэж авахын тулд Сургаал ба Гэрээнүүд 20:37-г болон Gospel Library-аас Сэдэв ба асуулт хэсэг дэх “Баптисм”-ыг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Аврагчийн болон өөр нэг хүний баптисмын зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 35, 103 эсвэл 104-ийг үзнэ үү). Энэ хоёр зураг юугаараа адил, юугаараа өөр байгааг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хамтдаа Maтай 3:13–17-г эсвэл Шинэ Гэрээний түүхүүд-ийн “10-р бүлэг: Есүс баптисм хүртсэн нь”-ийг уншина уу. Хүүхдүүдээс эдгээрээс сонссон түүх нь гарч буй зургуудаа зааж өгөхийг хүс. Аврагчийг хайрлаж, Түүнийг дагах хүсэлтэй байгаагаа хүүхдүүдэд хэл.

    1:52

    Chapter 10: Jesus Is Baptized

  • Есүс баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, д.141) гэх мэт баптисмын тухай дууг сонс эсвэл дуул. Бид энэ дуунаас баптисмын талаар юу сурч мэддэг вэ? 2 Нифай 31: 9–10-ыг уншаад, Есүс Христ яагаад баптисм хүртсэнийг хүүхдүүдэд сонсго. Өөрсдийгөө баптисм хүртэж байгаагаар зурахад тэднийг урь.

Би Бурхантай гэрээ байгуулж, баптисм хүртэхийг сонгож чадна.

Баптисм хүртэхэд бэлтгэх нь ямар нэгэн үйл явдалд бэлтгэхээс илүү чухал зүйл юм. Энэ нь гэрээ байгуулахын тулд бэлтгэж, уг гэрээгээ амьдралынхаа туршид сахина гэсэн утгатай. Баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгтэй байгуулдаг гэрээгээ, тухайлбал Түүний тэдэнд өгдөг амлалт мөн тэдний Түүнд өгдөг амлалтыг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болохоо тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Гэрээ бол Тэнгэрлэг Эцэг, тухайн хүн хоёрын хоорондох амлалт юм. Биднийг Бурханд өгсөн амлалтаа сахихыг хичээх үед Бурхан биднийг адислахаа амласан. Самбарт Бурханд өгдөг миний амлалт, Бурханы надад өгдөг амлалт гэж бич. Хамтдаа Мозая 18:10, 13, Сургаал ба Гэрээнүүд 20:37-г уншаад, олж мэдсэн амлалтуудаа зохих гарчгийн доор жагсаан бичихэд нь хүүхдүүдэд тусал. Таныг баптисмын гэрээгээ сахихыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг хэрхэн адисалж байсныг хуваалц.

  • Есүс Христ тохинууллынхаа үеэр үйлдсэн зүйлсийн зургийг хүүхдүүдэд үзүүл (жишээ нь: Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 33–49-ийг үзнэ үү). Зураг бүр дээр Есүс юу хийж байгаа талаар хүүхдүүдээр яриул. Мозая 18:8–10, 13-ыг уншаад, хүүхдүүдийг баптисмын гэрээгээ сахиж болох арга замуудыг олж сонсохыг хүс (мөн “Миний баптисмын гэрээ,” Лиахона, 2023 оны 8-р сар, 10–11-ийг үзнэ үү). Баптисмын гэрээ бидний өдөр тутмын үйлдэлд хэрхэн нөлөөлж болох вэ? Хүүхдүүдийг Есүсийн адил хэн нэгэнд тусалж байгаагаар өөрсдийгөө зурахад урь.

Гишүүний баталгаа

Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулахдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болдог.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох нь Бурханы ажилд идэвхтэй оролцох боломж зэрэг олон адислалыг хүүхдүүдэд авчирдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Саяхан баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүнийг хичээлд урьж, гишүүнээр батлуулахад ямар байсан талаар нь яриул. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болно гэдэг нь ямар утга учиртайг түүнээс асуу. Сүмийн гишүүдийн хувьд баптисмын гэрээгээ сахиж болох арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Эдгээрийг хийх нь танд Христийн Сүмийн гишүүн байхын баяр баясгаланг мэдрэхэд хэрхэн тусалсан тухай хуваалц.

  • Мормоны усны дэргэд буй хүмүүсийн зургийг үзүүлээд (д. , д.76-г үзнэ үү), хүүхдүүдээс зураг дээрээс харж буй зүйлээ дүрслэхийг хүс. Алма ба түүний хүмүүсийн тэнд баптисм хүртсэн тухай түүхийг ярьж өг (Moзая 18:1–17; Мормоны Номын түүхүүд-ийн “Алма Мормоны Усны дэргэд”-ийг үзнэ үү). Мозая 18:8–9-ийг уншаад, Христийн Сүмийн гишүүдийн хувьд хүмүүсийн үйлдэхэд бэлэн байсан зүйлсийг тогтоож санахад туслах үйлдлүүдийг хийхэд хүүхдүүдийг урь. Сүмийн гишүүдийн тэдгээр арга замаар үйлчилж байгааг харж байсан туршлагаасаа хуваалц.

    2:41

    Alma at the Waters of Mormon

Би гишүүнээр батлуулахдаа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.

Биднийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үед Тэнгэрлэг Эцэг “түүний Сүнсийг [бидэнтэй] үргэлж хамт байлгах” [Сургаал ба Гэрээнүүд 20:77] амлалтыг бидэнд өгдөг. Бурханы энэхүү гайхамшигт бэлгийг Ариун Сүнсний бэлэг гэж нэрлэдэг.

Ариун Сүнсний бэлгийн тухай илүү ихийг мэдэхийн тулд Гари Э.Стивэнсон, “Сүнсний өдөөлт,” Лиахона, 2023 оны 11-р сар, 42–45, Gospel Library, “Ариун Сүнсний бэлэг”-ийг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Сургаал ба Гэрээнүүд 33:15-ыг уншаад, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үед Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг онцгой бэлгийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Ариун Сүнсний бэлэг тэдэнд хэрхэн туслах талаар ойлгоход нь туслахын тулд хамтдаа Иохан 14:26; Галат 5:22–23; 2 Нифай 32:5; 3 Нифай 27:20-ийг унш.

  • Хичээл заахаас өмнө нэг буюу хэд хэдэн хүүхдийн эцэг эхээс Ариун Сүнсний бэлэг байгаагийн ачаар хэрхэн адислагдсанаа хуваалцахыг хүс. Тэр тэдэнд хэрхэн тусалдаг вэ? Тэд Түүний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?

  • Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, д.56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Энэ дуу Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж болох талаар бидэнд юу зааж байгааг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Ариун Сүнс надтай олон арга замаар ярьдаг.

Сүнсний дуу хоолойг таньдаг хүүхдүүд амьдралынх нь туршид тэднийг удирдан чиглүүлэх хувийн илчлэл хүлээн авахад бэлэн байх болно. Ариун Сүнс бидэнтэй олон арга замаар ярьдаг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Хол амьдардаг найздаа захидал бичих, э-мэйл илгээх, утсаар ярих гэх мэтээр харилцах янз бүрийн арга замыг бодоход хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй өөр өөр арга замаар ярьдаг гэдгийг тэдэнд заа. Ариун Сүнс бидний оюун ухаан, зүрх сэтгэлд өөр өөр арга замаар ярьдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “How Does Heavenly Father Speak to Us?” захиасыг ашигла (Friend, Mar. 2020, 2–3 эсвэл Liahona, Mar. 2020, F2–F3).

  • Ариун Сүнс тантай оюун ухаанд тань орж ирсэн бодол эсвэл зүрх сэтгэлд мэдрэгдэх мэдрэмжээр дамжуулан харилцаж байсан туршлагаас хуваалц (Сургаал ба Гэрээнүүд 6:22–23; 8:2–3-ыг үзнэ үү). Ариун Сүнс үүнтэй ижил төстэй арга замаар тэдэнд тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.

  • Сүнсийг мэдэрч байсан үеэ таньж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал. Жишээлбэл: Аврагчийн тухай дуу дуулах эсвэл бусдад зориулан сайн үйл хийх үед гэх мэт. Ариун Сүнсний өгдөг сүнслэг мэдрэмжүүдийг, тэр дундаа Түүний үйлдэхэд хөтөлдөг өдөөлтийг ялган танихад нь тэдэнд тусал. Ариун Сүнс яагаад бидэнд эдгээр мэдрэмжийг өгдөг гэж та бодож байна вэ? Ариун Сүнсний бидэнтэй ярихыг сонсохын тулд хийх ёстой зүйлсийн талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. Та Сүнсийг илүү тод сонсохын тулд юу хийдгээ ярь.

Ариун ёслол

Би ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн золиослолыг санаж, Түүнтэй гэрээ байгуулдаг.

Бид ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг үргэлж санаж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, зарлигуудыг нь сахих гэрээ байгуулдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Матай 26:26–30; 3 Нифай 18:1–12; Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-ийг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Мормоны Номын түүхүүд-ийн 3 Нифай 18:1–12 эсвэл “Есүс ариун ёслолыг хуваалцдаг” хэсгийг хүүхдүүдэд уншиж өг. Ариун ёслолын үеэр Есүс Христийг санахын тулд бид юу хийж чадах вэ?

  • Хүүхдүүдээс үргэлж хийхээ санаж байх ёстой зарим зүйлийг хэлэхийг хүс. Жишээлбэл: Гутлаа үдэх эсвэл хоол идэхээсээ өмнө гараа угаах гэх мэт. Эдгээр зүйлийг санах нь яагаад чухал вэ? Хүүхдүүдэд Моронай 4:3-ыг уншиж өгөөд, ариун ёслолоос хүртэхдээ юуг үргэлж санана гэж амласнаа олж сонсоход тэднийг урь. Есүс Христийг санах нь яагаад чухал вэ? Ариун ёслолын талх, ус хэрхэн Есүсийн бидний төлөө хийсэн зүйлийг санахад тусалдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал (Моронай 4:3; 5:2-ыг үзнэ үү).

  • Самбарт “Би … амлаж байна” гэж бичээд, хүүхдүүдэд ариун ёслолын залбирлыг уншиж өг (Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79). Бидний Бурханд өгдөг амлалтыг сонссоных нь дараа түр зогсоод, сонссон амлалтаа самбарт бичихэд нь тэдэнд тусал.

  • Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүүхдүүдэд энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэрээ дээр нь бичдэг ямар нэгэн зүйлийг жишээ болгон хуваалц. Бид яагаад эдгээр зүйл дээр нэрээ бичдэг вэ? Есүс Христ яагаад Өөрийн нэрийг бидэнд өгөхийг хүсдэг вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах тайлбарыг хуваалцаж болох юм. “Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ Есүс бол Христ гэдгийг тунхаглаж, гэрчлэхийг хэлдэг” (“Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

Санваарын хүч чадал, эрх мэдэл, түлхүүр

Бурхан хүүхдүүдээ санваарын хүчээр дамжуулан адисалдаг.

Эмэгтэй, эрэгтэй, залуу, хөгшин гээд Бурханы бүх хүүхэд Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Бурханы хүчийг хүлээн авдаг. Бид баптисм зэрэг санваарын ёслолуудыг хүлээн авахдаа эдгээр гэрээг байгуулдаг (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.6-г үзнэ үү.) Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86, мөн Ерөнхий гарын авлага-ын 3-р бүлгийн “Санваарын зарчмууд”-ыг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Санваарын ачаар хүлээн авдаг адислалуудаа олж харахад нь хүүхдүүдэд тусал. Тэдэнд санаа өгөх үүднээс та “Blessings of the Priesthood” (Gospel Library) видеог үзүүлж болно. Тэдгээр адислалыг самбарт жагсааж бичиж болно. Яагаад эдгээр адислал бидэнд чухал вэ? Есүс Христээр болон Түүний санваарын хүчээр эдгээр адислал бидэнд ирдэг гэдгийг гэрчил.

    3:5

    Blessings of the Priesthood

  • Тэнгэрлэг Эцэг биднийг адислахын тулд хэрхэн хүчээ ашигладаг тухай дүрсэлсэн зургуудыг олоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл: Тэд Бурханы бидэнд зориулан бүтээсэн дэлхийг дүрсэлсэн, өвчтэй хүнийг эдгээж буй, Түүний бидэнд өгсөн ариун нандин ёслолуудын зургуудыг хайж болох юм (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 3, 46, 104, 105, 107, 120-ийг үзнэ үү). Та яагаад санваарт болон үүгээр дамжуулан өгөгддөг адислалуудад талархдагаа хуваалц. Хүүхдүүдэд Бурханы санваарын хүчээр адислагдсан үеийнхээ талаар бодоход тусал.

  • Бурханы хүч чадлын адислалуудыг амьдралдаа хүлээн авах гол арга замуудын нэг бол санваарын ёслолууд юм (Сургаал ба Гэрээнүүд 84:20-ийг үзнэ үү). Хүүхдүүдэд энэ үнэнийг сурч мэдэхэд нь туслахын тулд та дараах судруудыг самбарт жагсааж болно. Үүнд: 3 Нифай 11:21–26, 33 (баптисм); Моронай 2 (гишүүний баталгаа); Моронай 4–5 (ариун ёслол). Хүүхдүүд тус бүрдээ эдгээр судрын хэсгээс аль нэгийг сонгоод, дүрсэлсэн ёслолыг нь тодорхойлж болно. Санваарын ёслолуудыг хүлээн авснаар хувь хүнийхээ хувьд хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Тэд баптисм хүртэж, баптисмын гэрээгээ сахиснаар Бурханаас хүч хүлээн авна гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Энэ хүч тэдэнд хэрхэн туслах талаар хүүхдүүдээс асуу.

Бурханы ажлыг санваарын түлхүүрээр удирдаж, санваарын эрх мэдлээр хэрэгжүүлдэг.

Хүн Бурханы ажилд туслахаар дуудагдах эсвэл онцгойлон адислагдах үедээ олгогдсон санваарын эрх мэдлээ хэрэгжүүлж чадна. Түүнээс гадна, зохистой эрэгтэй Сүмийн гишүүд санваар хүртэж, санваарын албанд томилогдож болно. Сүм дэх санваарын бүх эрх мэдлийг ашиглах явдлыг гадасны ерөнхийлөгч, бишоп, чуулгын ерөнхийлөгч зэрэг санваарын түлхүүрийг атгадаг удирдагчид удирддаг. Санваарын түлхүүрүүд нь Их Эзэний ажлыг гүйцэтгэхдээ санваар ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдтэй хамт Марк 3:14–15-ыг уншаад, үүн дээр дүрсэлсэн үйл явдлын зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 38 гэх мэт). Хэн нэгэн санваарын албанд томилогдож эсвэл дуудлагад онцгойлон адислагдаж байгааг харж байсан эсэхийг хүүхдүүдээс асуу (эсвэл өөрийнхөө туршлагыг ярь). Энэ нь Аврагчийн Өөрийн төлөөлөгчидтэй хамт хийсэн зүйлтэй юугаараа адил вэ? Багш эсвэл байгууллагын удирдагч зэрэг Сүмийн гишүүдэд өгч болох дуудлага эсвэл санваарын албуудыг самбарт жагсаахад хүүхдүүдэд тусал. Дуудлага, алба бүрийн хажууд хүмүүс тухайн дуудлага, албаныхаа эрх мэдлийн дагуу юу хийх эрхтэй вэ гэдгийг бичиж болно. Санваарын түлхүүрүүдтэй хэн нэгнээр онцгойлон адислагдах нь үйлчлэхэд тань хэрхэн тусалсан талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • Машин эсвэл хаалга гэх мэт түлхүүр хэрэгтэй зүйлийн талаар бодоход хүүхдүүдийг урь. Танд түлхүүр байхгүй бол юу болох вэ? Хамтдаа Сургаал ба Гэрээнүүд 65:2-ыг уншаад, санваарын түлхүүрүүдтэй байхын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц. Мөн та “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” (Gospel Library) видеог үзээд, ахлагч Гари Э.Стивэнсоны заасан санваарын түлхүүрүүдийн тухай захиасыг олж болно.

    2:51

    Where Are the Keys?

Ариун сүм ба аз жаргалын төлөвлөгөө

Ариун сүм бол Их Эзэний өргөө.

Ариун сүмүүд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ариун сүмд бид Түүнтэй ариун нандин гэрээнүүд байгуулж, санваарын хүчээр хишиг хүртэж, илчлэл хүлээн аван, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ үүрд мөнхөд лацдан холбогддог. Энэ бүхэн Есүс Христ, Түүний цагаатгагч золиослолын ачаар боломжтой юм.

Та өөрийн заадаг хүүхдүүдэд Их Эзэний өргөөний ариун нандин байдлыг мэдэж авч, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой байхад өөрсдийгөө бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр эх сурвалжийг нягтлан үзэх талаар бодож үз: Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 93–96; “Why Latter-day Saints Build Temples,” temples.ChurchofJesusChrist.org.

Ариун сүм буй өсвөр үеийнхэн

Ариун сүмүүд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Ариун сүмийн нэг буюу хэд хэдэн зургийг үзүүл. Ариун сүм юугаараа онцгой газар болохыг хүүхдүүдээс асуу. Ариун сүм бүрд “Их Эзэнд ариунаас ариуныг—Их Эзэний өргөө” гэсэн бичиг байдгийг онцол. “Их Эзэнд ариунаас ариуныг” гэдгийн утгыг юу гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Яагаад ариун сүмийг Их Эзэний өргөө гэж нэрлэдэг вэ? Энэ нь бидэнд ариун сүмийн талаар юу заадаг вэ? Хэрэв аль нэг хүүхэд ариун сүмд орж байсан бол тэрээр тэнд байхад нь ямар мэдрэмж төрж байсныг хуваалцаж болно. Хэрэв та ариун сүмд орж байсан бол тэнд Их Эзэний оршихуйг хэрхэн мэдэрч байснаа хуваалцаж, ариун сүм яагаад таны хувьд ариун газар болох талаар ярь.

  • Хамтдаа Сургаал ба Гэрээнүүд 97:15–17-г унш. Их Эзэн Өөрийнх нь ариун өргөөнд ордог хүмүүсээс юуг хүсэн хүлээдгийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Бид яагаад Түүний өргөөнд орохуйц зохистой байх хэрэгтэй вэ? Энэ харилцан ярианыхаа хүрээнд хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, үүнийг хэрхэн авдаг талаар ярьж өг. Та ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага ямар байдгийг мөн ямар ямар асуулт тавьдаг талаар ирж хуваалцахад бишопын зөвлөлийн нэг гишүүнийг урьж болно.

Бид ариун сүмд Бурхантай гэрээнүүд байгуулдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христ биднийг Тэнгэрлэг Эцэг Эх рүүгээ гэртээ буцаж очин, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэрээний замаар явахыг урьдаг” (“Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110) гэж заасан. Гэрээний зам гэдэгт баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн хишиг, лацдан холболт багтдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Баптисм хүртэхдээ Бурхантай байгуулдаг мөн ариун ёслолоос хүртэхдээ шинэчилдэг гэрээгээ давтаж хэлэхэд туслахыг хүүхдүүдээс хүс (Мозая 18:10, 13; Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-ийг үзнэ үү). Ариун сүмийн зургийг үзүүлээд, Тэнгэрлэг Эцэг ариун сүмд бидэнд өөр олон адислал өгөхийг хүсдэг гэдгийг тайлбарла.

  • Зам руу хөтлөх хаалга зур. Алхах замтай байх нь яагаад тустай гэдгийг хүүхдүүдээс асуу. Нифай баптисмын гэрээг хаалгатай зүйрлэж, баптисм хүртсэнийхээ дараа уг замаараа үргэлжлүүлэн явахад биднийг урьсан тухай өгүүлсэн 2 Нифай 31:17–20-ийг хамтдаа унш. Ариун сүмд байгуулах гэрээнүүд гээд баптисм хүртсэний дараа байгуулах өөр олон гэрээ бий. Ерөнхийлөгч Нэлсон энэхүү замыг “гэрээний зам” гэж нэрлэснийг тайлбарла.

Бид ариун сүмд нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно.

Есүс Христийн сайн мэдээ нь сайн мэдээг мэдэлгүйгээр нас барсан ч Түүнтэй хамт амьдрахаар эргэн ирэх боломжийг Бурханы бүх хүүхдэд олгодог. Бид ариун сүмд тэдний өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хэн нэгэн таны хийж чадахгүй байгаа зүйлийг таны төлөө хийж байсан үеийн тухай ярь. Хүүхдүүдээс үүнтэй адил туршлагаасаа хуваалцахыг хүс. Бид ариун сүмд очихдоо нас барсан бусад хүний өмнөөс баптисм хүртэх зэрэг ариун нандин ёслолуудыг хүлээн авч болно гэдгийг тайлбарла. Бид нас барагсдын төлөө ажлуудыг хийж байхдаа хэрхэн Есүстэй адил байдаг вэ? Бидний өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй ямар зүйлийг Тэр бидний төлөө хийсэн бэ?

  • Өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртсэн нэг юм уу хэд хэдэн өсвөр үеийнхнийг туршлагаасаа хуваалцахад урь. Тэднээс ариун сүмд ямар байсныг асуу. Өвөг дээдсийнхээ төлөө энэ ажлыг хийж байхад ямар мэдрэмж төрж байсан тухай хуваалцахад тэднийг урамшуул.

  • Самбарт үндэс, мөчиртэй мод зур. Гэр бүл хэрхэн модтой адилхан талаар бодохыг хүүхдүүдээс асуу. Модны үндсийг өвөг дээдэс, мөчрүүдийг үр удам, гол хэсгийг чи гэж нэрлэн бич. Сургаал ба Гэрээнүүд 128:18 дээрээс “Учир нь бид [өөрсдийн өвөг дээдэсгүйгээр] төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” хэмээх өгүүлбэрийг хамтдаа унш. “Яагаад өвөг дээдэс маань бидэнд хэрэгтэй вэ? Бид яагаад өвөг дээдэстээ хэрэгтэй вэ? Бидний эцэг эх, өвөө эмээ, бусад өвөг дээдэс бидэнд хэрхэн тусалсаар ирсэн бэ?” гэх мэтчилэн асуу. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээнүүд 128:18 дээрх үлдсэн хэсгээс бид өвөг дээдэстээ хэрхэн тусалж болох талаар өгүүлсэн хэсгийг олоход урь.

  • Хүүхэд бүрийн эцэг эхтэй ариун сүмийн ёслол хэрэгтэй өвөг дээдсийнх нь нэрийг олоход хамтран ажиллах талаар бодож үз (FamilySearch.org-ийг үзнэ үү).