Хүүхдүүдэд заахад ашиглах нэмэлт эх сурвалж
Хавсралт А: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Эцэг эхчүүдэд зориулав


“Хавсралт А: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Эцэг эхчүүдэд зориулав,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Хавсралт A,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Ээж, хүү хоёр

Хавсралт А

Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Эцэг эхчүүдэд зориулав

Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг, танд итгэдэг, мөн чадавхыг тань мэддэг тул хүүхдүүдээ Түүний гэрээний зам буюу мөнх амь руу хөтлөх замаар алхаж, өсөж хөгжихөд нь туслах боломжийг танд олгосон (Сургаал ба Гэрээнүүд 68:25–28-ыг үзнэ үү). Үүнд баптисмын болон ариун сүмд байгуулдаг гэрээ гэх мэт ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэхэд нь тэдэнд туслах явдал орно. Эдгээр гэрээгээр дамжуулан таны хүүхдүүд өөрсдийгөө Аврагч Есүс Христтэй баяр хөөртэйгөөр холбох боломжтой болно.

Гэрээний зам дээрх энэ аялалд хүүхдүүдээ бэлтгэх олон арга зам байдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэг тэдэнд туслах хамгийн сайн арга замыг олоход тань тусална. Сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхдээ бүх суралцах үйл явц хуваарьт хичээлийн үеэр явагддаггүй гэдгийг санаж яв. Үнэндээ, гэртээ суралцах үйл явцыг маш хүчирхэг болгодог зүйлийн нэг бол үлгэр жишээгээр мөн өдөр тутмын амьдралын явцад болж өнгөрдөг энгийн заах арга замаар дамжуулан суралцах боломж юм. Гэрээний замын талаар суралцах нь гэрээний замыг дагахтай адил насан туршид үргэлжилдэг тууштай үйл явц билээ. (“Home and Family,” Teaching in the Savior’s Way [2022], 30–31-ийг үзнэ үү.)

Цаашид сүнслэгээр өдөөх зарим санааг доор өгье. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Хавсралт Б: Хүүхдүүдийг амьдралынхаа туршид Бурханы гэрээний зам дээр зогсоход бэлтгэх: Хүүхдийн хэсэгт зориулав” дээрээс авч болно.

Баптисм ба гишүүний баталгаа

Нифай гэрээний замд “[бидний] орох ёстой хаалга” нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой” (2 Нифай 31:17) гэж заасан. Хүүхдүүдээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь бэлтгэхэд туслахын тулд гаргасан таны хичээл зүтгэлийн ачаар тэд тэрхүү зам дээр хөлөө баттай тавих болно. Эдгээр хичээл зүтгэл нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлалын тухай заахаас эхэлдэг. Үүнд мөн хэрхэн долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр баптисмынхаа гэрээнүүдийг шинэчилдэг талаар заах нь орно.

Усан санд хүүдээ баптисм хүртээж буй аав

Нифай гэрээний замд “[бидний] орох ёстой хаалга” нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой” (2 Нифай 31:17) гэж заасан.

Танд туслах зарим эх сурвалж бол 2 Нифай 31; баптисмын тухай Найз сэтгүүлийн тусгай дугаар; Gospel Library, Сэдэв ба асуулт, “Баптисм” зэрэг юм.

  • Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн үйл явдал тохиох бүрд үүнийгээ хүүхэдтэйгээ хуваалцаарай. Итгэл бол амьдралын туршид улам бүр хүчирхэгжиж байдаг зүйл гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Таны хүүхэд баптисм хүртэхээсээ өмнө Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Хүүхэд тань буруу сонголт хийвэл наманчлалын бэлгийн талаар баяртайяа ярьж өг. Мөн та буруу сонголт хийсэн үедээ өдөр бүр наманчлахад тань ирдэг баяр баясгалангийн талаар хуваалц. Есүс Христ бидний нүглийн улмаас зовж шаналж, амиа өгсөн тул бид өдөр бүр наманчилж, өршөөгдөн, өөрчлөлтийн хүчийг мэдрэх боломжтой гэдгийг гэрчил. Хүүхэд тань танаас уучлахыг хүсэх үед чөлөөтэй, баяр хөөртэйгөөр уучил.

  • Хүүхдэдээ баптисмынхаа тухай ярьж өг. Зураг үзүүлж, дурсамжаа хуваалцаарай. Танд ямар мэдрэмж төрж байсан, баптисмын гэрээнүүдээ сахиснаар энэ нь хэрхэн Есүс Христийг илүү сайн таньж мэдэхэд тусалсан мөн таны байгуулсан гэрээнүүд амьдралыг тань хэрхэн адисалсаар байгаа талаар ярь. Хүүхдээ асуулт тавихад урамшуул.

  • Танай гэр бүлд эсвэл тойрогт баптисм болбол хүүхдээ дагуулж очоод үзээрэй. Та хүүхэдтэйгээ харсан, мэдэрсэн зүйлсээ хамтдаа ярилц. Боломжтой бол баптисм хүртэж буй хүнтэй ярилцаж, “Та энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Та хэрхэн бэлдсэн бэ?” гэх мэтчилэн асуу.

  • Хүүхэд тань амласан зүйлээ хийж байгааг олж харах бүрдээ чин сэтгэлээсээ магтан сайшаа. Амлалтаа биелүүлэх нь баптисм хүртэх үедээ байгуулсан гэрээнүүдээ сахихад бэлтгэхэд тусалдаг гэдгийг онцол. Бид баптисм хүртэхдээ Бурханд ямар амлалт өгдөг вэ? Тэр бидэнд юу амладаг вэ? (Moзая 18:8–10, 13-ыг үзнэ үү.)

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж батлуулсан явдал нь таныг хэрхэн адисалсан тухай ярь. Жишээлбэл: Та бусдад үйлчилж мөн бусад хүн танд үйлчилснээр та хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртсон бэ? Сүмийн гишүүний хувьд бусдад үйлчлэх, тэднийг хүчирхэгжүүлэх арга замуудын талаар бодоход нь хүүхдэдээ тусал. Мөн тэдэнд үйлчлэлээс ирдэг баяр баясгаланг таньж, мэдрэхэд тусал.

  • Та хүүхэдтэйгээ хамт ариун нандин туршлага хуримтлуулах үедээ (Сүм дээр, судруудыг уншиж байхдаа эсвэл хэн нэгэнд үйлчилж байхдаа гэх мэт) өөрт төрж байгаа сүнслэг мэдрэмж, сэтгэгдлийг түүнд хэлээрэй. Хүүхдээ юу мэдэрч байгаагаа хуваалцахад урь. Сүнс хүмүүстэй ярьж болох янз бүрийн арга замыг, тэр дундаа тантай биечлэн ярьдаг арга замуудыг онцол. Хүүхдэдээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байгаа тэр мөчөө таньж мэдэн, тантай хуваалцахад нь тусал.

  • Gospel Library дахь “Түүнийг сонс!” цуглуулгын видеонуудаас хэд хэдийг хамтдаа үз. Их Эзэний дуу хоолойг Түүний үйлчлэгчид хэрхэн сонсдог өөр өөр арга замын талаар ярилц. Хүүхдээрээ Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаар зураг зуруулах юм уу видео хийлгэ.

  • Ариун ёслолыг гэр бүлдээ ариун нандин, баяр баясгалант үйл явдал болго. Ариун ёслолын үеэр Есүс Христэд анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг тухайгаа хүүхэдтэйгээ хуваалц. Ариун ёслол тэдний хувьд ариун нандин гэдгийг харуулсан төлөвлөгөө гаргахад нь хүүхдэдээ тусал. Жишээлбэл: Ариун ёслолын залбирлын үгсийг сонсох нь баптисмын гэрээг маань сануулдаг.

  • Найз сэтгүүлийн олон дугаарт хүүхдүүдийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлтгэхэд туслах нийтлэл, түүх, үйл ажиллагаанууд орсон байдаг. Унших зүйлээ хүүхдээрээ сонгуулж байгаад, хамт уншиж цагийг сайхан өнгөрүүлэх боломж олго. (Мөн Gospel Library дахь Хүүхдүүд хэсгээс “Баптисмд бэлтгэх нь”-ийг үзнэ үү.)

Санваарын хүч чадал, эрх мэдэл, түлхүүр

Санваар бол хүүхдүүдээ адисалдаг Бурханы эрх мэдэл, хүч юм. Өнөөдөр дэлхий дээрх Бурханы санваар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байгаа. “Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд гээд Сүмийн бүх гишүүн гэр орондоо өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг Бурханы санваарын хүчээр адислагддаг” (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.6). Энэ хүч нь гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хувийн болон гэр бүлийнхээ амьдралд гүйцэтгэхэд тусална (Ерөнхий гарын авлага, 2.2-ыг үзнэ үү).

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Сүмийн дуудлагад санваартнуудын удирдлага доор санваарын эрх мэдлээр үйлчилдэг. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд буюу Түүний хөвгүүд, охид Түүний санваарыг илүү сайн ойлгохын хэрээр адислагдана.

Бид санваарын эрх мэдлээр ёслолуудыг хүлээн авдаг. “Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваар хүртэж, санваарын албанд томилогдсоноор санваарын эрх мэдлийг хүлээн авдаг” (Ерөнхий гарын авлага, 3.4). Санваарын албанд томилогдсон хүмүүс санваарын түлхүүрүүдийг атгадаг хэн нэгнээс санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг хүлээн авдаг.

Санваарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–85; Рассэлл М.Нэлсоны “Санваарын хүчний үнэ цэн” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53–56; мөн Ерөнхий гарын авлага-ын 3-р бүлгийнСанваарын зарчмууд”-ыг тус тус үзнэ үү.

  • Санваарын ёслолуудыг гэр бүлийнхээ амьдралын байнгын нэгэн хэсэг болго. Жишээлбэл: Хүүхдэдээ долоо хоног бүр ариун ёслолд сүнслэг байдлаар бэлтгэхэд нь тусал. Хүүхдээ өвчтэй байхдаа эсвэл тайтгарал, удирдамж авах хэрэгтэй үедээ санваарын адислал эрэлхийлэхийг урамшуул. Их Эзэн танай гэр бүлийг Өөрийн хүчээр дамжуулан адисалж буй арга замуудыг зааж сургаж заншаарай.

  • Та хамтдаа судраас уншихдаа, Бурхан Өөрийн хүчээр дамжуулан хүмүүсийг хэрхэн адисалдаг талаар ярилцах боломжийг эрэлхийл. Бурхан таныг санваараараа дамжуулан адисалсан туршлагаасаа хуваалц. Санваараар дамжуулан Бурханаас хүлээн авдаг адислалуудын жишээг Ерөнхий гарын авлага-ын 3.2, 3.5-аас үзнэ үү.

  • Баптисм хүртсэнийхээ дараа баптисмынхаа гэрээг сахиснаар Бурханы хүчийг хүлээн авч чадна гэдгийг тэдэнд заа. Хамтдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг уншина уу (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86). Санваарын ёслолууд хэрхэн Бурханы хүчийг таны амьдралд авчирсныг хүүхдэдээ хэлж өг. Бурханы хүчээр адислагдах зарим арга замын жагсаалтыг Ерөнхий гарын авлага-ын 3.5-аас үзнэ үү.

  • “Их Эзэний үйлчлэгч гэж ямар хүн байдаг вэ?” гэсэн асуултын дагуу ярилц. Сургаал ба Гэрээнүүд 121:36–42-ыг хамтдаа уншаад, хариултуудыг олж мэд. Та хүүхдээ (эсвэл өөр хэн нэгнийг) эдгээр шүлэгт заасан зарчим, зан чанаруудын аль нэгийг хэрэгжүүлж байгааг харах бүрдээ түүнд энэ талаар онцолж хэл.

  • Та эсвэл таны хүүхэд хаалганы түгжээг тайлах, машин асаах зэрэгт түлхүүр ашиглах үед тэдгээр түлхүүрийг санваарын удирдагчдын атгадаг түлхүүрүүдтэй харьцуулаарай. (Санваарын түлхүүрүүдийн тодорхойлолтыг Ерөнхий гарын авлага-ын 3.4.1-ээс үзнэ үү). Санваарын түлхүүрүүд бидний хувьд юуг “нээж өгдөг” эсвэл “асаадаг” вэ? Түүнчлэн Гари Э.Стивэнсоны “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13–16; “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” (видео)-г Gospel Library-аас үзнэ үү.

    2:51

    Where Are the Keys?

Өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм. Их Эзэний өргөөнд бид Есүс Христ рүү чиглүүлдэг бүх ариун нандин ёслолд оролцохдоо Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээнүүд байгуулдаг. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ гэрээ байгуулж, ёслолуудад оролцох, тэр дундаа тэдгээрийг энэ амьдралдаа хүлээн авч чадаагүй хүмүүст зориулсан ёслолуудад оролцох арга замыг өгсөн. Таны хүүхэд 12 нас хүрэх жилийнхээ эхэнд, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд баптисм хүртэж гишүүнээр батлуулж чадахаар хангалттай том болсон байх болно (Мөн 1 Коринт 15:29-ийг үзнэ үү).

  • Их Эзэний өргөөнд боломжийнхоо хэрээр ойр ойрхон оч. Яагаад ариун сүм рүү явдгаа мөн ариун сүм Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойртоход тань хэрхэн тусалдаг талаар хүүхэдтэйгээ ярилц.

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултуудыг хамтдаа уншиж, ярилц. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2020) товхимлын 36–37-р хуудас дээр эдгээр асуулт бий. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагаар юу болдгийг хүүхдэдээ ярьж өг. Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх нь танд яагаад чухал болохыг хуваалц.

  • Малахи 4:6-г хамтдаа унш. Таны зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ хэрхэн эргэж болох талаар ярилц. FamilySearch.org дээрээс гэр бүлийнхээ түүхийг хамтдаа судалж, өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэж аваарай. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах шаардлагатай өвөг дээдсээ хайж ол. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх танд тусалж чадна.

Патриархын адислал хүлээн авах

Патриархын адислал нь удирдамж, тайтгарал, сүнслэг удирдамжийн эх сурвалж болдог. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хандсан хувийн зөвлөгөөг агуулсан бөгөөд мөнхийн мөн чанар, зорилгоо ойлгоход тусалдаг. Хүүхдэдээ патриархын адислалын ач холбогдол, ариун нандин мөн чанарын тухай заах замаар патриархын адислал хүлээн авахад бэлтгэхэд нь тусал.

Илүү дэлгэрэнгүйг Gospel Library дахь Сэдэв ба асуулт хэсгийн “Патриархын адислал”-аас үзнэ үү.

  • Патриархын адислал хүлээн авсан туршлагаасаа хүүхэдтэйгээ хуваалц. Та үүнийг хүлээн авахад өөрийгөө хэрхэн бэлдсэн, энэ нь таныг Бурханд илүү ойртоход хэрхэн тусалсан мөн Тэр таныг энэ адислалаар дамжуулан хэрхэн үргэлжлүүлэн адисалсаар байгаа гэх мэт зүйлсийн талаар хуваалцаж болно. Та мөн хүүхдээ патриархын адислалыг хүлээн авсан гэр бүлийнхээ бусад гишүүнтэй ярилцахад урьж болно.

  • Хамтдаа ахлагч Рандалл К.Бэннэттийн “Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм” мөн ахлагч Казүхико Ямашитагийн “Патриархын адислалаа хэзээ авах вэ” (Лиахона, 2023 оны 5-р сар, 42–44, 88–90) зэрэг захиасыг унш. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг патриархын адислал хүлээн аваасай хэмээн хүсдэг талаар эдгээр захиаснаас сурч мэдсэн зүйлсээ бие биетэйгээ хуваалц. Патриархын адислалыг хүлээн авах үйл явцын талаар мэдэхийг хүсвэл Ерөнхий гарын авлага-ын 18.17-г үзнэ үү.

  • Хэрэв танд патриархын адислал хүртсэн өвөг дээдэс байвал заримыг нь хүүхэдтэйгээ хамт унших нь урам зориг өгч болох юм. Нас барсан өвөг дээдсийнхээ адислалыг авахын тулд ChurchofJesusChrist.org сайт руу нэвтрэн орж, дэлгэцийн баруун дээд буланд байрлах Хэрэгслүүд дээр дарж, Патриархын адислал гэснийг сонгоно уу.

  • Хүүхэд тань патриархын адислалаа хүлээн авсны дараа, тэнд байсан гэр бүлийн гишүүдийг төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд урин, тэдгээрийг хүүхэдтэйгээ хуваалц.

Хишиг хүлээн авах

Бурхан Өөрийн бүх хүүхдэд “тэнгэрийн хүчийг” (Сургаал ба Гэрээнүүд 95:8) өгч, адислахыг хүсдэг. Бид ариун сүмд хишгээ нэг л удаа авдаг ч Бурхантай байгуулсан гэрээнүүдийн болон Түүний өгдөг сүнслэг хүч хишгийн хэсэг учраас бидний амьдралыг өдөр бүр адисалдаг.

  • Гэртээ ариун сүмийн зураг тавь. Их Эзэний өргөөнд төрдөг мэдрэмжийнхээ талаар хүүхдэдээ ярьж өг. Их Эзэнийг болон Түүний өргөөг хайрлах хайр, тэнд байгуулсан гэрээнүүдийнхээ тухай байнга ярьдаг бай. Хүүхэдтэйгээ хамт ариун сүмд очиж, өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүний баталгааг гүйцэтгэх боломжийг хайж ол.

  • temples.ChurchofJesusChrist.org-ыг хамтдаа судал. Хүүхдэд тань ариун сүмийн талаар асуух ямар ч асуулт байсан ямар ч үед асуух боломжийг олго. Ариун сүмийн гадна юуны талаар ярьж болох тухай зааварчилгааг авахыг хүсвэл ахлагч Дэвид А.Бэднарын “Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь” захиасыг үзнэ үү (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123–127; ялангуяа “Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн суралцах хөтөлбөр ба ариун сүмийн бэлтгэл” хэсгийг үзнэ үү.)

  • Та болон таны хүүхэд бусад ёслолд (жишээ нь: ариун ёслол эсвэл эрүүл мэндийн адислал) оролцохдоо эсвэл гэрчлэхдээ уг ёслолд хамаатай бэлгэдлийн талаар цаг гарган хамтдаа ярилцаарай. Бэлгэдлүүд юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь Есүс Христийг хэрхэн гэрчилдэг вэ? Энэ нь таны хүүхдэд Есүс Христийг гэрчилдэг ариун сүмийн ёслолуудын бэлгэдлийн утгыг тунгаан бодоход тусална.

  • Moзая 18:10, 13-т дүрсэлсэн баптисмын гэрээг хэрхэн сахиж байгаагаа анзаарахад нь хүүхдэдээ тусал (мөн гэрээний үр жимсийг дүрсэлсэн 8–9-р шүлгийг үзнэ үү). Мөн Их Эзэн тэднийг хэрхэн адисалж байгааг олж харахад нь хүүхдэдээ тусал. Хүүхдийнхээ гэрээгээ сахиж чадна гэсэн итгэлийг бэхжүүл.

  • Таны ариун сүмийн гэрээнүүд сонголтыг тань хэрхэн чиглүүлж, Есүс Христэд илүү ойртоход тусалдаг талаар байнга нээлттэй ярилцаж бай. Та ариун сүмд байгуулдаг гэрээнүүдийг авч үзэхдээ Ерөнхий гарын авлага-ын 27.2-ыг ашиглаж болно. Хэрэв та хишиг хүртсэн бол ариун сүмийн өмсгөл нь Есүс Христтэй байгуулсан гэрээгээ санахад тань хэрхэн тусалдаг тухай хүүхдүүддээ ярьж өг (Gospel Library, “Sacred Temple Clothing” видео; Ж.Аннэтт Дэннис, “Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс,” Лиахона, 2024 оны 5-р сар, 10–13-ыг үзнэ үү).

    4:16

    Ариун сүмийн хувцас

Номлолд үйлчлэх

Ахлагч Дэвид А.Бэднар: “Үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд та нарын хийж болох хамгийн чухал цорын ганц зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм шүү. … Хамгийн чухал нь номлолд явах биш, харин номлогч болж, амьдралынхаа туршид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх явдал юм. … Та номлолын ажилд насан туршдаа бэлтгэгдэж байгаа” (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45–46) гэж заасан. Хүүхдийн тань номлогч болж байгаа туршлага зөвхөн номлолд үйлчлэх хугацаанд нь биш харин мөнхөд түүнийг адислах болно.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” 2022 оны 5-р сарын Лиахона, 6–7; М.Рассэлл Баллард, “Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан,” 2022 оны 5-р сарын Лиахона, 8–10; мөн Gospel Library, Номлогчийн бэлтгэл: Номлогчийн амьдралд дасан зохицох нь-ыг үзнэ үү.

  • Сайн мэдээг хүчлэхгүйгээр хэрхэн хуваалцахыг үлгэрлэн үзүүл. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тухай болон Түүний Сүмийн гишүүний хувиар болон Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээнээс хүлээн авсан адислалуудынхаа талаарх мэдрэмжээ бусадтай хуваалцах боломж гарч ирэхэд үргэлж бэлэн бай. Бусад хүнийг Сүмийн болон гэр бүлийн үйл ажиллагаанд хамт оролцоход урь.

  • Гэр бүлийнхэндээ номлогчидтой харилцах боломжийг эрэлхийл. Тэднийг найзууддаа заахад урь эсвэл тэдэнд гэртээ хүмүүст заах боломж олго. Номлогчдоос туршлага, номлогчийн үйлчлэл зэрэг нь хэрхэн тэднийг Есүс Христэд илүү ойртоход тусалж байгааг асуу. Мөн номлогч болохын тулд хийсэн бэлтгэлийнх нь талаар (эсвэл хийсэн ч болоосой гэж бодож байгаа зүйлийг) асуу.

  • Хэрэв та номлолд үйлчилсэн бол туршлагаа байнга илэн далангүй хуваалцаж бай. Эсвэл номлолд үйлчилж байсан найз нөхөд, гэр бүлийнхээ гишүүдийг ярихад урь. Та мөн амьдралынхаа туршид сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан арга замынхаа талаар ярьж болно. Хүүхдэдээ сайн мэдээг хуваалцаж болох арга замуудын талаар бодоход тусал.

  • Мөн сайн мэдээний зарчмуудыг гэр бүлийнхэндээ заах боломжийг хүүхдэдээ олго. Түүнчлэн таны хүүхэд итгэл үнэмшлээ бусадтай хуваалцаж, дадлага хийж болно. Жишээлбэл: Та “Бид Мормоны Номын талаар огт сонсож байгаагүй хүнд үүнийг хэрхэн танилцуулах вэ?” эсвэл “Христэд итгэдэггүй хүнд Аврагч хэрэгтэй гэдгийг бид хэрхэн тайлбарлах вэ?” гэх мэт асуултуудын дагуу ярилцаж болно. (Ахмад С.Корбитт, “Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?,” Лиахона, 2023 оны 5-р сар, 119–121-ийг үзнэ үү.)

  • Хүүхдэдээ хүмүүстэй чөлөөтэй ярилцаж сурахад нь тусал. Харилцан яриа эхлүүлэх ямар ямар сайн арга байдаг вэ? Бусдын хэлэх үгийг сонсож, зүрх сэтгэлд нь юу байгааг ойлгож, амьдралыг нь адислах сайн мэдээний үнэнийг хуваалцаж сурахад нь хүүхдээ урамшуул.

  • Хүүхдэдээ бусад соёл, шашны талаар суралцах боломжийг эрж хай. Бусдын итгэл үнэмшлийн сайн сайхан, үнэн зөв зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болоход нь тэдэнд тусал.

Лацдан холбох ёслолыг хүлээн авах

Ариун сүмд нөхөр, эхнэр хоёр мөнхөд гэрлэдэг. Үүнийг “ариун сүмийн лацдан холболт” хэмээн нэрлэдэг ёслолоор гүйцэтгэдэг. Хэдийгээр энэ ёслолыг таны охин эсвэл хүү олон жилийн дараа хүлээн авч болох ч тэр хүртэл хамтдаа энгийн жижиг зүйлсийг тууштай хийх нь тэднийг энэхүү гайхамшигт адислалд бэлтгэхэд тусалж чадна.

  • Хамтдаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (Gospel Library)-ийг уншина уу. Энэхүү тунхаг нь аз жаргалтай гэр бүлийн амьдрал, амжилттай гэрлэлтийн талаар юу зааж байна вэ? Хүүхэдтэйгээ хамт тунхагт дурдсан зарчмуудын аль нэгийг сонгон суралц. Та энэ зарчимтай холбоотой судруудыг Судруудын удирдамж-аас олж харж болно. Та мөн энэ зарчмыг гэр бүлдээ илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зорилго тавьж болно. Зорилгодоо хүрэхээр ажиллаж байхдаа энэ зарчмыг хэрэгжүүлэх нь гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хамтдаа ярилц.

  • Хүүхэдтэйгээ хамт ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Авран хадгалдаг тэднийг магтъя” үгийг унш (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–64). “Амархан хаяж, орхидог нийгэм” гэсэн хэсгийг уншихаасаа өмнө, гэрт тань байгаа нэг болон олон удаагийн хэрэглээний зүйлийг хайж ол. Аливаа зүйлийг олон хэрэглэхийг хүсэж байвал тэдгээрт хэрхэн өөрөөр хандахаа ярилц. Энэ нь гэрлэлт, гэр бүлийн харилцаанд хандах хэрхэн талаар бидэнд юу зөвлөж байна вэ? Аврагч бидэнд бат бөх гэрлэлт, гэр бүлийг бий болгоход хэрхэн тусалдаг тухай өөр юуг ерөнхийлөгч Угдорфын захиаснаас бид сурч мэдэж болох вэ?

  • Христэд төвлөрсөн мөнхийн гэрлэлт, илүү сайжрахыг хичээж буй арга замуудынхаа талаар ханьтайгаа хамт суралцаж буй зүйлсээ хүүхдэдээ нээлттэй ярьдаг бай. Хэрэв та ханьтайгаа ариун сүмд лацдан холбуулсан бол Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахихыг хэрхэн хичээж байгаагаа хүүхдэдээ үлгэр жишээгээрээ харуул. Хүүхдэдээ Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг харилцааныхаа төвд байлгахын тулд хэрхэн хичээж мөн Тэд танд хэрхэн тусалж байгааг хэл (мөн Үлиссэс Соарэс, “Их Эзэнтэй хамтрах,” 2022 оны 11-р сарын Лиахона, 42–45-ыг үзнэ үү).

  • Гэр бүлийн шийдвэр гаргах шаардлагатай бол гэр бүлийн зөвлөл, хэлэлцүүлэг зохион байгуул. Гэр бүлийн бүх гишүүний санал бодлыг сонсож, тэдгээрийг чухал гэж үзэж буйгаа харуулахад анхаар. Хүн бүр санаа нийлэхгүй байсан ч эдгээр хэлэлцүүлгийг гэр бүлийн харилцаагаа эрүүл, эелдэг уур амьсгалтай байлгах боломж гэж хар. (M.Рассэлл Баллард, “Гэр бүлийн зөвлөл,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–52-ыг үзнэ үү.)

  • Гэр бүлд санал зөрөх, ам мурийх зүйл гарч ирвэл тэвчээр, өрөвч сэтгэлийг харуул. Зөрчилдөөнийг Христийнхтэй адил арга замаар зохицуулах нь тэднийг хэрхэн аз жаргалтай гэр бүлтэй болоход тусалдгийг олж мэдэхэд нь хүүхдэдээ тусал. Сургаал ба Гэрээнүүд 121:41–42-ыг хамт уншаад, эдгээр шүлэг дээрх зарчмуудыг гэрлэлтэд хэрхэн хэрэгжүүлж болох талаар ярилц.