“52-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 38:15–27, 34–42: Нэг байгтун,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага, (2025)
“Сургаал ба Гэрээнүүд 38:15–27, 34–42,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
52-р хичээл: Сургаал ба Гэрээнүүд 37–40
Сургаал ба Гэрээнүүд 38:15–27, 34–42
Нэг байгтун
Их Эзэн гэгээнтнүүддээ Огайод цугларахын тулд агуу золиос гаргахаар бэлтгэж байх үед нь зааварчилгаа өгөв. Аврагч гэгээнтнүүдэд өгсөн илчлэлтээрээ Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийнхөө хүмүүсийг Өөр шигээ амьдрахад урьсан. Энэ хичээл нь бусдыг үнэлж, эв нэгдэлтэй байхыг эрэлхийлснээр Аврагчтай адилхан болоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Харьяалагддаг бүлгүүдийнхээ талаар бодож, нэгдмэл байхад юу шаардлагатай талаар бүлгийнхээ нэг хүнээс асуухад суралцагчдыг урь. Суралцагчид гэр бүлийн гишүүн, чуулга эсвэл ангийн удирдагч, багш эсвэл дасгалжуулагчтайгаа ярьж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэн биднээс Өөртэй нь адил болохыг хүсдэг.
Та суралцагч бүрийг таван сонирхлоо бичихэд урьснаар хичээлээ эхлүүлж болно. Дараа нь ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарил. Тэднээр сонирхдог зүйлсийг нь хуваалцуулж, нийтлэг зүйлсийг нь жагсаан бичүүл. Үүний дараа, өөр өөр сонирхолтой хүмүүст нэгдмэл байх нь зарим үед яагаад хэцүү байдаг мөн Христийн шавийн хувьд нэгдмэл байх нь яагаад чухал байдгийг ярилцахыг тэднээс хүс.
Дараах асуултыг дотроо эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.
-
Би өөртэй маань адил биш хүмүүсийн талаар юу гэж бодож, тэдэнд хэрхэн ханддаг вэ?
-
Миний бодол санаа, үйлдэл хэрхэн талцуулахад хүргэх юм уу эв нэгдэлтэй болгодог вэ?
Бусдад хандахдаа Есүс Христийн жишээг дагаж болох арга замуудыг тодорхойлоход нь суралцагчдад туслахын тулд Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг удирдамж эрэлхийлэхэд тэднийг урамшуул.
1830 оны 12-р сард Иосеф Смит Библийг сүнслэгээр өдөөгдөн хянаж байсан ба Агуу Үнэт Сувд дээр буй одоогийн Мосе 6–7-р хэсгийг хүлээн авсан юм. Эдгээр бүлэгт Енох нэртэй бошиглогч болон түүний хүмүүсийн түүх гардаг. Тэд зөв шударга бас эв нэгдэлтэй байсан учраас Их Эзэн тэр хүмүүсийг Сион хэмээн нэрлэжээ.
Сургаал ба Гэрээнүүд 38-д Аврагч гэгээнтнүүдийг Огайод цугларахыг зааварласан. Тэр тэдэнд Өөрийн зан чанарын тухай заагаад, Сионыг байгуулах зарчмыг онцлон хэлсэн. Эдгээр зарчимд дуулгавартай байх нь Аврагчийн хуулийг хүлээн авч, Түүний хүчээр хишиг хүртэхэд бэлтгэхэд нь гэгээнтнүүдэд туслах юм (Сургаал ба Гэрээнүүд 38:32-ыг үзнэ үү).
Сургаал ба Гэрээнүүд 38:24–27-г уншаад, Есүс Христийн хөгжүүлээсэй хэмээн биднээс хүсдэг зан чанаруудыг олж мэд.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээнүүд 38:24–27-г уншиж байхад та 24–25-р шүлэг дэх давтагдсан үг хэллэгийг онцолж болно. Түүнчлэн та цөөн суралцагчийг 26–27-р шүлэг дэх сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглоход урьж болно.
-
Ах дүүгээ өөр шигээ хүндлэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Матай 22:36–39; Иохан 13:34–35; Иаков 2:17–19-ийг үзнэ үү.)
-
Бид 26–27-р шүлэг дэх сургаалт зүйрлэлээс Аврагчийн тухай юу мэдэж авч болох вэ?
-
24–27-р шүлэг бидэнд Есүс Христ шиг болох талаар юу зааж байна вэ?
Бид Есүс Христийн шавь нарын хувьд бусдыг үнэлж, эв нэгдэлтэй байхыг эрэлхийлснээр Түүнтэй адил болж чадна гэсэнтэй ижил зарчмыг олж тогтооход суралцагчдад тусал.
-
Есүс Христ бусдыг үнэлэх талаарх жишээг хэрхэн үлгэрлэн үзүүлсэн бэ? Мөн эв нэгдлийн жишээг хэрхэн харуулсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэрхэн бусдыг үнэлж, тэдэнтэй нэгдмэл байж болох тухай заасан.
Эцсийн дүнд бид жинхэнэ Бурхан Эцэг байх гэдэг нь юу болохыг зөвхөн ойлгосноор ахан дүүгийн холбоо, эгч дүүсийн харилцаа гэж юу болохыг бүрэн утгаар нь ойлгох юм. Гагцхүү энэ ойлголт тусгаарлах ханын оронд татан оролцуулах гүүр барихад биднийг урамшуулдаг.
(Рассэлл М.Нэлсон, “Remarks at Worldwide Priesthood Celebration” [“Нэг байгтун” тэмдэглэлт арга хэмжээн дээр хэлсэн үгс, 2018 оны 6-р сарын 1], newsroom.ChurchofJesusChrist.org)
-
Та нар Сургаал ба Гэрээнүүд 38:24–27 дээрх Их Эзэний болон ерөнхийлөгч Нэлсоны сургаалуудын хооронд ямар ижил төстэй талуудыг олж харж байна вэ?
Аврагч бидэнд нэгдмэл байхад хэрхэн тусалдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрээс “One in Christ” (4:48) видеог үзүүлж болно.
Сургаал ба Гэрээнүүд 38:34–36, 39–42-ыг уншаад, Огайод цугларахаар бэлдэж буй гэгээнтнүүдийг Аврагч нэгдмэл байхад хэрхэн урьсныг олж мэд.
-
Огайо руу нүүж буй хүмүүст бие биеэ үнэлж, эв нэгдэлтэй байхад тус болох юуг та олж мэдсэн бэ?
Ялгаварлан гадуурхах үзэл, үйлдлээ орхих
Сургаал, зарчмуудыг онцлохын тулд бошиглогчдын үгсийг ашигла. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Teacher Development Skills: Teach the Doctrine дээрх “Teach from the scriptures and the words of latter-day prophets” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. Ерөнхийлөгч Нэлсоны дараах мэдэгдэлд дурдсанчлан, “судруудад байгаа үнэнийг амьд бошиглогчдын хэлж буй зүйлтэй холбоход суралцагчдад туслах урилга бэлтгэх” арга зүйг давт.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний бусдад хандах арга замын ач холбогдлын талаар заасан. ChurchofJesusChrist.org дээрх “Бурхан ялах болтугай” (18:51; 10:40-13:01 минут хүртэл үзнэ үү) видеог үзэх юм уу уг мэдэгдлийг уншина уу.
Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай. Ах, эгч нар аа, миний хэлэх гэж байгаа үгийг чих тавин сонсоно уу. Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй. Энэ талаарх Түүний сургаал маш тодорхой. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” (2 Нифай 26:33) бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг.
Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох, алдах нь таны арьсны өнгөнөөс биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.
Дэлхийн хар арьстан ах, эгч нар маань арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, ад үзэгдэж ирсэнд би харамсдаг. Өнөөдөр би бүхий л газарт байгаа гишүүддээ ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр манлайлахыг уриалж байна. Би Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг дэмжихийг та нараас хүсэж байна.
Бидний хүн нэг бүрд тавих асуулт арьс өнгөнөөс үл хамааран нэг л байдаг. Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Түүний үгс, зарлиг, гэрээнүүд таны өдөр бүр үйлддэг зүйлд нөлөөлөхийг та зөвшөөрөх үү? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү? (Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” Лиахона, 2021 оны 11-р сар, 84)
-
Ерөнхийлөгч Нэлсоны сургаалаас юу таны анхаарлыг татсан бэ?
-
Бидэнд ялгаварлан гадуурхах үзлээс урьдчилан сэргийлэх эсвэл үүнийг болих ямар арга замууд байдаг вэ?
Суралцагчдыг энэ эшлэлээс сурсан зүйлийнхээ талаар ярилцах хооронд ямар нэгэн байдлаар гадуурхалд эсвэл арьс өнгөний ялгаварлалд өртөж байж болзошгүй суралцагчдад мэдрэмжтэй хандаарай. Христийн шавийн хувьд бусдыг үнэлж, тэдэнтэй нэгдмэл байхыг хичээснээр хэрхэн адислагдаж байснаа хуваалцахыг суралцагчдаас хүс.
Бусдыг үнэлж, тэдэнтэй нэгдмэл байхад хэр зэрэг хүчин чармайлт гаргаж байгаагаа залбирч байгаад үнэлж дүгнэхийг суралцагчдаас хүс.
Суралцагчид судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж болно.
Дараах асуултуудын талаар залбирч байгаад бодож, судлах тэмдэглэлдээ нэг юм уу түүнээс олон асуултад хариулж бич.
-
Та Бурханы бүх хүүхдийг үнэлж, тэдэнд хайраа мэдрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Хэрхэн та ялгаварлан гадуурхах үзлээс урьдчилан сэргийлэх эсвэл үүнийг хаяхад анхаарч чадах вэ?
-
Энэ нь танд Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн туслах вэ?
Бусадтай харилцах хандлагын ач холбогдол болон Христ дотор нэг болсноор ирэх адислалын талаарх өөрийн бодлыг хуваалц.