Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бүр том алдаануудынхаа дараа ч гэсэн
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 4-р сар


Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2026 оны 4-р сар

Бүр том алдаануудынхаа дараа ч гэсэн

Бид Петрээс Аврагч, Түүний Цагаатгал болон дахин оролдох талаар их зүйл сурч болно.

Петр Христийг үгүйсгэж байгаа нь

Петр үгүйсгэсэн нь, Карл Блох

Бидний ихэнхэд зүгээр л ор тас мартахыг хүсдэг дор хаяж нэг дурсамж байдаг. Ичгэвтэр байдалд орсон ч бай, хүнд осолд орсон ч бай, эсвэл хэлээгүй байсан ч болоосой гэмээр маргаан үүссэн ч бай амьдралд “дахин оролдох” эсвэл бүр “устгах” товчлуур байсан бол нэн хэрэгтэй санагдах үе олон байдаг.

Гашуун зөгнөл биелэв

Төлөөлөгч Петр нь Шинэ Гэрээн дэх гайхалтай хүн байсан. Тэрээр Есүс рүү усан дээр алхах итгэл, зоригтой байсан ч хэсэгхэн хугацааны дараа айдаст автан живж эхлэхдээ Эзэнээс тусламж гуйн хашгирсан (Матай 14:28–31-ийг үзнэ үү). Бид Петрийн амьдралын бүх нарийн ширийнийг мэдэхгүй ч нэг удаа түүнийг гашуунаар уйлсныг мэднэ.

Есүс Христ баривчлагдахаасаа хэдхэн цагийн өмнө тахиа хоёр донгодохоос өмнө Петр Өөрийг нь гурван удаа үгүйсгэнэ гэж зөгнөсөн. Петр ийм зөгнөлд итгэхээс татгалзаж, “улам баттайгаар, би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй” (Марк 14:31) гэв.

Мэдээж, Аврагчийн зөгнөл биелсэн. Аврагчийн баривчилгааг тойрсон айдас, түгшүүрийн дунд Петрийн зориг мохжээ. Аврагчийг мэддэг гэдгээ хоёр удаа үгүйсгэсний дараа, гурав дахь удаагаа шахалтад орсон Петр “хараал тавин, тангараглаж—Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв” (Марк 14:71).

Тахиа хоёр дахь удаа донгодоход Петр Аврагчийн зөгнөлийг санаад, “гашуунаар уйлав” (Матай 26:75).

Гэхдээ түүний түүх үүгээр дуусаагүй!

Эргэлт буцалтгүй эргэсэн нь

Бид судраас Петрийн айдас дахин хэзээ ч Есүс Христийн тухай гэрчлэлийг нь давамгайлаагүй гэдгийг мэдэж авдаг. Тэрээр хувийн эрсдлийг үл хайхран боломж гарах бүрд Аврагчийн тухай зоригтойгоор гэрчилдэг байв. Петр Есүс Христийг цовдолсон хүмүүст зааж байсныг санаарай! Аюул бодитой байсан.

Петрийг төрөлхийн суунги хүнийг “Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун” (Үйлс 3:6) гэж тушаан эдгээснийх нь дараа Иохантай цуг баривчилж, энэ гайхамшгийг хэрхэн үйлдсэнийг нь асуужээ.

Петр зоригтойгоор “та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх израил түмэн мэдтүгэй.

“Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв” (Үйлc 4:10–12) гэж хариулсан.

Ямар зоригтой хариулт вэ! Түүний итгэл үнэмшлийн ямар тодорхой нотолгоо вэ.

Үйлчлэх бүрэн чадвартай төгс бус үйлчлэгчид

Бид бүгд энэ амьдралд нүгэл үйлдэх болно. Бид хамгийн сайнаараа хичээсэн ч гэсэн үе үе итгэл найдвар, зорилгодоо хүрэхгүй байх болно. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффр Р.Холланд (1940–2025) нэгэн удаа заахдаа, “Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн” гэжээ.

Таны сүнслэг үнэ цэн таны алдаагаар тодорхойлогддоггүй, мөн хязгаарлагддаггүй. Том алдаанууд ч байсан ялгаагүй. Петр наманчилж, Христ түүнийг уучилсан тул Христийг үгүйсгэсэн явдал нь хожим Түүнийг агуу хүчээр гэрчилж, зааж, хөрвүүлэхэд саад болоогүй. Судрууд нь нүгэл үйлдсэн, наманчилсан, Христэд итгэлтэйгээр үргэлжлүүлсэн бусад шавь нарын жишээгээр дүүрэн байдаг.

Сатан үргэлж таны алдаанууд өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд та тэднийг хэзээ ч даван туулж чадахгүй гэж итгүүлэхийг оролддог. Түүний худал хуурмагийг бүү тоо!

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Тамара В.Рүниа эгч ийн заасан: “Одоо миний чангаар хэлэх зүйлийг сайн сонсоод аваарай: Та нарын толгой дахь сөрөг дуу хоолой та нарынх биш бөгөөд та нар өөрсдөө алдаа биш юм шүү. Магадгүй та нар ч мөн миний адил үүнийг чангаар хэлж байх хэрэгтэй. Сатанд ‘Өнөөдөр биш’ гэж хэл. Түүнийг үлдэн хөө.

Аврагч руу чиглүүлэх Бурханлаг уй гашууг мэдрэн, Аврагчийн ач ивээлийг өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралд ирэхийг хар. Бид харууссан зүрхээ Аврагчид зоригтойгоор хандуулах тэрхэн агшинд Тэр бидний дэргэд хоромхон зуурт ирсэн байх болно.”

Есүс Христ

Тайтгаруулагч Христ, Карл Блох

Таны урдах гэрэлтэй өдрүүд

Энэхүү Христийн амилсны баярын улиралд та Аврагчийн Цагаатгалыг илүү гүнзгий тунгаан бодохдоо наманчилж, дахин оролдох чадвар бол таны авах хамгийн агуу бэлгүүдийн нэг гэдгийг санаарай. Есүс Христийн ачаар хамгийн том алдаанууд тань хүртэл уучлагдаж, хүнд гинж мэт хаягдана.

“Аврагч үүрд мөнхөд ичгүүрийн харанхуйгаас илүү тод гэрэлтдэг” гэж Рүниа эгч заасан.

Хэрэв та Есүс Христ дээр төвлөрвөл Түүний ачаар найдвар таны өмнө үргэлж тод гэрэлтэх болно.