Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх сар тутмын захиас, 2026 оны 2-р сар
Илүү аз жаргалтай болохыг хүсэж байна уу? Талархаад үз
Амьдрал тань өөрчлөлтүүдээр дүүрсэн үед эерэг зүйл дээр төвлөрч, итгэл найдвараа алдахгүй байхад талархал танд тусална.
Зургийг Мэгги Стивэнсон
“Та хэзээ ч талархалтай байх үеэсээ илүү аз жаргалтай байна гэж байхгүй.”
Далын ахлагч Гэри Б.Сабины дараах эшлэлд хэлсэнчлэн таны хэр аз жаргалтай байх нь таны хэр их талархаж байгаагаас шууд хамаардаг. Энэ нь та талархах үедээ сөрөг зүйлсийн оронд эерэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж байдаг гэсэн утгатай юм.
Гэсэн хэдий ч амьдрал үргэлж төлөвлөсний дагуу байдаггүй. Гэнэтийн өөрчлөлтүүд таныг баярлуулахаас илүүтэй сэтгэл санааг тань хямрааж, гуниглуулж, бухимдуулж магадгүй. Гэвч хүнд хэцүү үед таныг итгэл найдвараа алдахгүй байхад талархал тусална. Таны амьдралд илүү их талархал авчирдаг эдгээр гурван аргыг туршаад үзээрэй.
1. Сайныг эрэлхийл
Ихэнх тохиолдолд, танд ямар нэг зүйл дутагдаж байгаа мэт санагдах үед талархах нь хамгийн хэцүү байдаг. Гэхдээ өөрт байгаа зүйлдээ бус байхгүй байгаа зүйлдээ анхаарлаа хандуулснаар та ямар адислалуудыг ойшоохгүй орхиж болох вэ?
Амьдралынхаа сайн зүйлсийг эрж судлах тусам цаг хугацааны явцад тэдгээрийг амархан олж таньдаг болдог.
2. Өгөгч хүнд талархлаа илэрхийл
Та адислалаа тоолохдоо эдгээр нь хаанаас ирдгийг бүү мартаарай.
Тэнгэрлэг Эцэгтээ бэлгүүдэд нь, тэр дундаа Хүүгээ өгсөнд нь талархах нь Түүнийг хайрлах таны хайр мөн Түүнд итгэх таны итгэл найдварыг улам гүнзгийрүүлж чадна. Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон “Бурханд талархах мэдрэмжтэй байж үүнийгээ илэрхийлдэг байх нь … шүтлэг бишрэлийг маань аз жаргалаар дүүргэгдсэн мэдрэмжээр юүлж,” танд баяр баясгалан, хүч чадал авчирч, таны гэрчлэлийг бат бөх байхад тусалдаг хэмээн тайлбарласан.
3. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд анхаарлаа төвлөрүүл
Талархалтай байна гэдэг нь амьдралын хүнд хэцүү зүйлсийг үл хайхарч, үргэлж аз жаргалыг мэдэрч байна гэсэн үг биш гэдэг нь ойлгомжтой. Есүс Христ хүртэл өвдөлтийг мэдэрч, танин мэдсэн (Алма 7:11; Сургаал ба Гэрээнүүд 19:18–19-ийг үзнэ үү). Уйтгар гуниг бол мөнх бус байдлын энгийн нэг хэсэг юм.
Гэхдээ юу ч болж байсан нэг зүйл хэзээ ч өөрчлөгддөггүй: Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийн төлөвлөгөө. Таны амьдралдаа мэдэрдэг бүх уй гашуу, зовлон зүдгүүр Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар зөв болгогдох болно (Илчлэл 21:4-ийг үзнэ үү).
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф тайлбарлахдаа “Гай зовлонгийн үед талархалтай байх нь нөхцөл байдалдаа баяртай байна гэсэн үг биш юм. Энэ нь итгэл найдварын нүдээр бид өнөөгийн сорилт бэрхшээлийнхээ цаадах байдлыг давж хардаг гэсэн үг юм” гэсэн.
© 2026, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, February 2026-гийн орчуулга. Mongolian. 19935 363