2025
Есүс Христээс ирэх тусламж: Яагаад мөн хэрхэн
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 4-р сар


Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2025 оны 4-р сар

Есүс Христээс ирэх тусламж: Яагаад мөн хэрхэн

Яагаад Есүс Христ хариулт болохыг мөн Тэр та нарт хэрхэн тусалдгийг ойлгож аваарай.

Есүс Христ

Зураг чимэглэлийг Дан Вилсон

“Би үргэлж л бүтэлгүйтдэг юм шиг санагддаг. Үргэлжлүүлэн хичээхэд их хэцүү байна.”

“Миний нөхцөл байдал төвөгтэй. Би хэрхэн урагшлахаа сайн мэдэхгүй байна.”

“Би ирээдүйдээ санаа зовниж байна. Надад амжилтад хүрэхэд шаардлагатай зүйлс байгаа эсэхэд би эргэлзэж байна.”

“Ядарч туйлдсан ч надад хийх ажил их байна.”

Чамд иймэрхүү асуудлууд тулгардаг уу? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог” гэж заасан (“Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг,” 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган [Лиахона, 2023 оны 5-р сар, 127]).

“Есүс Христ бол хариулт” гэж хэлэх амархан. Тэр яагаад мөн хэрхэн хариулт болохыг ойлгохын тулд илүү их хүчин чармайлт шаардагдана.

Христ яагаад хариулт нь вэ?

Аврагч цагаатгагч золиослолоо тэсэн гарахдаа дараах гурван чухал зүйлийг хийсэн. Үүнд:

  1. Тэрбээр үхлийг ялан дийлснээр бидэнд дахин амьдрах боломжийг олгосон.

  2. Тэрээр бүх нүглийн төлөөсийг төлснөөр бидэнд наманчлах, өсөн дэвжих, Бурханд эргэн очих боломжийг өгсөн. Энэ нь мөн бусдын нүглийг уучлахад бидэнд тусалдаг. Учир нь Христ тэдний нүглийг Өөр дээрээ авсан.

  3. Тэр бүх төрлийн өвчин, зүдгүүр, уруу таталт, шаналал, сул дорой байдлыг амссан билээ (Алма 7:11–13-ыг үзнэ үү). Энэ нь Тэрээр чамд хэрхэн тусалж, чамайг хэрхэн эдгээхээ мэддэг бөгөөд сорилт бэрхшээлийг даван туулж, илүү сайн хүн болоход чинь хүчирхэгжүүлэх болно гэсэн үг юм.

Аль нэг асуудлыг сонгоод, шийдлийг нь дээрх гурван үнэний нэгэнтэй эсвэл нэгээс илүүтэй нь холбож болно.

Ядуу тарчиг байна уу? Есүс Христ бүх зүйлийг биеэрээ туулсан учраас ядуу зүдүү байх нь ямар байдгийг сайн мэддэг. Тэр үргэлж саад бэрхшээлийг алга болгохгүй ч ачаагаа үүрч яваа хүмүүсийг хүчирхэгжүүлж чадна (Moзая 24:15-ыг үзнэ үү).

Бүтэлгүйтээд байна уу? Христ нүглийг ялан дийлсэн учраас бид үргэлж бүтэлгүйтнэ гэсэн үг биш. Тэр биднийг ямар хүн болж чадахыг мэддэг бөгөөд тэр хүн нь болж сайжрах үйл явц наманчлалд бий.

Өвдөж байна уу? Тэрээр үхлийг ялан дийлсэн учраас бид өвчин, зовуурьт өртдөггүй дархлаатай төгс биетэй болж амилах болно. Христ түүнчлэн “эмгэгүүдийг өөр дээрээ ав[сан]” (Алма 7:11) бөгөөд энэ нь Түүнийг тайтгарал, дэмжлэг үзүүлэх төгс хүн болгосон.

Христ хэрхэн тусалдаг вэ?

Бид яагаад Аврагч хариулт болохыг мэддэг байхын зэрэгцээ (Түүний хэн болох мөн бидний төлөө хийсэн зүйлийнх нь улмаас) Түүнээс тусламж, хүч чадлыг хэрхэн олж авахаа мөн мэдэж авах хэрэгтэй. Цөөн хэдэн арга замыг авч үзье. Үүнд:

Залбирал. Бидэн шиг төгс бус хүмүүс Есүс Христийн нэрээр залбирвал төгс Бурхантай ярьж чадна. Бид ямар ч нөхцөл байдалд байсан хэрэгтэй байгаа хүч чадлын төлөө залбирч болно. Бурхан үргэлж бидний хүссэн эсвэл хүсэн хүлээж байсан арга замаар биш хэдий ч биднийг адислах арга замаар хариулах болно. “Гуй, тэгвэл та нар хүлээн авах болно” (Иохан 16:24; 3 Нифай 27:29; Сургаал ба Гэрээнүүд 4:7) гэсэн Аврагчийн урилга үнэн бодитой.

Ариун Сүнсний бэлэг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав зорилгоороо нэгдмэл юм. Тэд хамтдаа ажилладаг! Чи Ариун Сүнсний удирдамж, тайтгарлыг мэдрэх бүрдээ Христ өөрт чинь тусалж байгааг ойлгох боломжтой.

Гэрээнүүдийг сахих. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд: “Гэрээний зам хэмээх нэршил нь Христэд ирж, Түүнтэй холбогдохын тулд бидний ээлж дараалан байгуулдаг гэрээнүүдийг хэлдэг. Энэхүү гэрээт барилдлагаар дамжуулан бид Түүний мөнхийн хүч чадлаас хүртэх боломжтой болдог” гэж заажээ (2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган [ Лиахона, 2023 оны 5-р сар, 36]).

Ач ивээл. Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчилснаар өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийх илүү их тусламж, хүч чадал (мөн ач ивээл гэдэг) хүлээн авч чадна (Судруудын удирдамж, “Ач ивээл”-ийг үзнэ үү). Энэхүү хүч чадал буюу ач ивээл нь Ариун Сүнс, найз нөхөд, танихгүй хүн эсвэл мэдрэмж зэрэг олон замаар ирдэг. Үндсэндээ аливаа сайн зүйл Христээс ирдэг (Моронай 7:22-ыг үзнэ үү). Чамд эцсээ хүртэл тэвчих илүү их хүч чадал, тэвчээр, илүү их эрч хүч мэдрэгдэх үед Христ өөрт чинь тусалж байгааг ойлгоорой.

Яагаад, хэрхэн гэдгийг сана

Тиймээс дараагийн удаа асуулт эсвэл асуудалдаа хариулт авах хэрэгтэй байвал Христ рүү харагтун. Нүгэл, үхэл, бусад бүхий л мөнх бус амьдралын сорилтыг ялсан Түүний ялалтын ачаар бүх зүйл боломжтойг санаарай. Тэрээр чамайг хэрхэн адислах боломжтойг олж мэд, тэгвэл чи Түүний нөлөөг амьдралдаа мэдрэх болно. Тэр чамд маш их хайртай!