Гомдол, шаналал, сорилт тохиолдсон үед тууштай байх нь: Элэйн Торнтон
Халамжийн нийгэмлэгийн 2026 оны онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт
2026 оны 3-р сарын 8-ны ням гараг
Заримдаа бид удирдагчдаасаа, заримдаа өөрсдөөсөө төгс төгөлдөр байдлыг хүсдэг. Энэ нь сайн мэдээний зарчимтай зөрчилддөг учир төгс төгөлдөр байхыг шаардах нь зохимжгүй юм. Мөн бидний хүлээлт бол ахиц дэвшил, ойлголцол, бие биеэ хайрлах хайр байх ёстой гэдгийг санах нь маш чухал гэж би бодож байна.
Жишээлбэл: Би нэг удаа томилогдсон удирдагчаасаа болж үнэхээр хэцүү байдалд орсон бөгөөд үр дагавар нь манай гэр бүлд хүнд туссан. Би жинхэнэ тэвчээр гаргаж байсан бөгөөд надад өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийж, “Тэр үнэхээр бусдын зүрх сэтгэлийг шархлуулам зан гаргах юм аа. Гэхдээ би ч бас хүмүүсийг гомдоосон байж магад. Би бусдыг гомдоосон байж магадгүй тул өршөөл эрэх хэрэгтэй ч байж магад” гэж бодох болсон. Тиймээс би мэдэж байсан зүйлээ эргэн харах хэрэгтэй байв. Мэддэг зүйлээ санах нь маш чухал юм. Хэрэв тэр үйл явдал болоогүй байсан бол би өөрийн ямар байснаа эргэн харахгүй байх байсан. Хэрэв тийм зүйл тохиолдоогүй байсан бол би Их Эзэнд ийм гүн гүнзгий, утга учиртай байдлаар хандахгүй байх байсан. Тиймээс би Тэнгэрлэг Эцэг, Аврагчаа таньж мэдэх замаар өсөн дэвжсээр байна. Гэхдээ үнэндээ би яагаад Түүнийг мэдэхийг хүсэж байгаа юм бэ? Би Түүнтэй адилхан болохын тулд Түүнийг мэдэхийг үнэхээр хүсэж байгаа юм.
Та бүхнийг Халамжийн нийгэмлэгийн ангидаа цугларч, хамтдаа зөвлөлдөхдөө нэг нэгэнтэйгээ дотносохыг би уриалж байна. Танд дургүй байх гэж бодож байгаа эсвэл гэрчлэл дээрээ асуудалтай байгаа, саяхан салсан, энэ бүх зовлон бэрхшээлийг туулах хэрэгтэй ч үгүй ч үү гэж эргэлзэж байгаа хэн нэгэнтэй дотносон ойрт. Бид хоорондоо ойртож дотносоод үзвэл ямар вэ? Хэрэв бид Аврагчийн хийдэг, мэддэг зүйлийг хийж сурвал бид Түүнд хэрэгтэй нэгэн болно гэж би бодож байна. Бидний хүн нэг бүрд дотроо чимээгүйхэн зовж шаналж байгаа зүйл байгаа гэдгийг ухаарч чадвал бид эгч дүүсийн хувьд бие биедээ ийм сайхан нигүүлслийг үзүүлж, эв нэгдлийг бий болгож чадна. Магадгүй хамтран ажиллаж, илүү аюулгүй орчин бүрдүүлэхийн хэрээр бид ч гэсэн зовж шаналж байгаагаа эгч нарт ойлгуулахаар өмнө нь ярьдаггүй байсан тулгарч буй зарим бэрхшээлээ тэдэнтэй хуваалцаж болох юм. Бид бүгд нээлттэй байж, төгс төгөлдөр гэсэн дүр эсгэдэг соёлыг өөрчилж, бие биедээ өсөж хөгжихөд нь тусалдаг байх ёстой. Хэн нэгэн надтай зовлон жаргалаа хуваалцахад би баярладаг. Учир нь би тэдэнд: “Өө, та яаж ийм хүнд зүйлийг туулав аа? Та яаж асуудлаа шийдсэн бэ? Хуваалцсанд баярлалаа" гэж хэлэх боломжтой болдог. Тэгснээр бид Тэнгэрлэг Эцэгээ хайрладаг, мэддэг эмэгтэйчүүдийн эгч дүүсийн гайхамшигт харилцааг үүсгэдэг.