Номын сан
Сэтгэлийн тэнхээтэй болох нь: Митси Сэмо


3:26

Сэтгэлийн тэнхээтэй болох нь: Митси Сэмо

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Намайг залуухан ээж байхад том хүү маань нэг настай байсан бөгөөд ажил дээрээ байж байтал надад нөхрийн маань ажлаас дуудлага ирсэн юм. Тэд “Нөхөр чинь нэлээд хүнд гэмтэл авчихлаа. Та яаралтай эмнэлэгт ирэх хэрэгтэй байна” гэв. Машиндаа суугаад асаах гэж оролдох үед бие маань хүчтэй салганаж байсныг би санаж байна. Би маш ихээр санаа зовж байлаа. Тэгээд би машиндаа суугаад зүгээр л залбирсан. Дараа нь би гайхалтай амар амгалан, дулаан мэдрэмжээр дүүрч, бүх зүйл сайн сайхан болно гэдгийг мэдсэн юм. Харин намайг эмнэлэгт очиход эмч надад: “Нөхөр чинь амьд гарч чадах эсэхийг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн. Машинд суух үед төрсөн мэдрэмжээ би санаж байна. Их Эзэн надад “Санаа зовох хэрэггүй ээ, нөхөр чинь урд нь байсан шигээ эрүүл болно” гэж хэлээгүй ч би зүгээр, үр дүн нь ямар ч байлаа гэсэн бид зүгээр болно гэдгийг мэдэж байлаа.

Сэтгэлийн тэнхээтэй байх тухай бодох үедээ би Аврагчийн танд өгч, мэдрэхэд тусалдаг амар амгалангийн талаар боддог. Үр дүн болон нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Тэр байгаа, мөн Тэр бүхнийг даван туулахад тань туслах болно. Тэрхүү хэцүү үеэр надад ийм мэдрэмж төрж байсан бөгөөд энэ нь тийм ч амар байгаагүй. Нэг жилийн турш бид бие махбод, оюун санааны хувьд олон хүнд хэцүү зүйлтэй тулгарсан ч тэдгээрийг даван гарч, маш олон зүйлийг ойлгож авсан.

Дахин хэлэхэд амьдралдаа бид бүгд нэг ижил зүйлийг дахин туулахгүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Гэхдээ миний хувьд би тэр үед Их Эзэнд хандаж, Түүнтэй харилцаатай байх хэрэгтэй байснаа мэддэг. Ийн хийснээр би тэр бүхнийг үнэхээр даван туулж чадна гэдгээ мэдэрсэн. Мөн миний сэтгэлийн тэнхээ сайн мэдээ болон Есүс Христийн суурин дээр бий болсон. Тиймээс ирээдүйд өөр юу ч тохиолдсон гэлээ би үүнийг санаж явна.

Түүнчлэн ням гараг бүр ариун ёслолоос хүртэх бүрд, Аврагчийг дурсан сана гэж хэлэх үед Түүнтэй хамт байж хуримтлуулсан туршлагуудаа санадаг гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Энэ нь надад сэтгэлийн тэнхээг бий болгосон. Учир нь тэр дурсамж надад Бурханы хүүхдийн хувьд би хэн болохоо, энд ямар нэгэн зорилготой ирсэн гэдгээ мөн Түүний хаант улсыг байгуулахад нь туслахын тулд байгаагаа ойлгоход тусалдаг. Тиймээс бидний ирээдүйд сайн, муу юу ч тохиосон, үр дүн нь ямар ч байсан гэлээ Аврагчид үргэлж хандахаа би мэднэ. Би тэр харилцаанд итгэдэг бөгөөд үүнээс л миний сэтгэлийн тэнхээ ундран гардаг.